You are here

Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаарх мэдээлэл өнөөг хүртэл нэлээд цөөн байлаа. Иймд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт, шалтгаан, үр дагаварын талаар илүү ихийг мэдэх, ялангуяа бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай баримт мэдээлэлтэй болох бодит хэрэгцээ байсан юм. Энэхүү тоон мэдээ, мэдээллийн хомс байдлыг шийдвэрлэхийн тулд Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Статистикийн үндэсний хороо жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар явууллаа.  Тэгш байдлын төлөө аниргүйг эвдэхүй: Монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх 2017 оны үндэсний судалгаа бол тус улсад энэ сэдвээр хийсэн анхны томоохон хэмжээний тоон болон чанарын судалгаа юм.

Ойр дотно хамтрагч болон бусад этгээдийн үйлдсэн хүчирхийллийг судлахдаа эмэгтэйчүүд сүүлийн 12 сард хүчирхийлэлд өртсөн байдал болон амьдралдаа хүчирхийлэлд өртсөн байдлыг тус тусад нь авч үзлээ. Мөн бие махбодын, бэлгийн, эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэрүүдийн талаарх тоон мэдээ, мэдээллийг судалгаагаар  цуглуулж, байдлыг тодорхойлов.

Судалгаагаар 7,300 гаруй эмэгтэйтэй ярилцлага хийж, Монголд ойр дотно хамтрагч болон бусдын зүгээс эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй хүчирхийллийн түвшин хэт их өндөр байгааг олж тогтоолоо.

Судалгааны гол үр дүн:

  • Хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 57.9% нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн байна. Мөн тэдний 31.2% нь бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийэлд амьдралдаа өртжээ; 
  • Хамтрагчийн үйлдсэн aливаа хэлбэрийн хүчирхийлэлд амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр байсан бол хамтрагчийн үйлдсэн бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их байв;
  • Хүчирхийллийн тархалтын түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаагүй ч нийслэл хот хамгийн их хүн амтай учраас хүчирхийлэлд өртөгсдийн тоо нь бусад бүс нутгийнханаас хамаагүй их байв;
  • Хамтрагч бус этгээд буюу бусдын үйлдсэн хүчирхийлэл залуучуудын дунд түгээмэл байна. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 17.3% нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд амьдралдаа өртсөн бол 4.5% нь сүүлийн 12 сард уг хүчирхийлэлд өртжээ;
  • 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн бол;
  • нийгэм, эдийн засгийн статусаас үл хамааран 4 эмэгтэй тутмын нэг нь “хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь цохиж, зодож болно” гэдэгтэй санал нийлсэн байна.