ЕРӨНХИЙ ТОЙМ
Жендэрт Суурилсан Хүчирхийлэл (ЖСХ) гэдэг нь хүмүүний хүйс болон жендэрийн талаарх уламжлалт хэвшмэл ойлголтоос (стереотип) үүдсэн буруу ташаа ойлголт, төсөөлөл, нийгмийн хэм хэмжээ, хүлээлт болон эрх мэдэл, хүчний тэнцвэргүй байдлаас улбаатай хүчирхийллийн аливаа үйлдлийг хэлнэ. ЖСХ нь хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг бөгөөд үүний улмаас хүмүүсийн нийгэм, эдийн засаг болон улс төрийн эрх зөрчигдөж, бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн хүчирхийллийн хохирогч болж, сэтгэл хангалуун амьдрах эрхээ эдлэх боломжгүй болдог. Мөн удаан хугацаанд үргэлжлэх биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн тоо томшгүй олон асуудлын шалтгаан болохоос гадна зарим ноцтой тохиолдолд хүний амь нас ч хохирох нь бий.
Гэсэн хэдий ч ЖСХ нь Монгол улсын хувьд олон жилийн туршид нэгдсэн ойлголтгүй, судлагдаагүй асуудал байсаар ирсэн. ЖСХ-ийн талаарх үндэсний цогц мэдээллийн сан байхгүйн улмаас олон нийт ЖСХ Монгол улсад ямар хэмжээний тархалт, цар хүрээг хамарсан талаар мэдэхгүйгээр үл барам зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр ташаа ойлгож ирсэн байна. Түүнчлэн ЖСХ, тэр дундаа Гэр бүлийн хүчирхийллийг (ГБХ) хос хоёрын хоорондын хувийн асуудал бөгөөд түүнд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж олон хүн үздэг байв. Хэдийгээр ГБХ-тэй тэмцэх 2004 онд батлагдсан анхны хуульд ГБХ-ийг хүний эрхийн ноцтой зөрчил төдийгүй нийгмийн эрүүл мэндийн асуудал болохыг тунхагласан хэдий ч энэ төрлийн хүчирхийллийн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байсаар байв. Мөн ЖСХ болон ГБХ-ээс урьдчилан сэргийлэх хийгээд хүчирхийллийн даван туулагчдыг хамгаалах чиглэлд маш бага хөрөнгө хуваарилдаг байсан. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зарим ТББуудын ажиллуулдаг цөөн хэдэн түр хамгаалах байр л ЖСХ/ГБХийн хохирогч, даван туулагчдын хэрэгцээнд тохирсон тусламж үйлчилгээг үзүүлдэг байв.
ЖСХ нэмэгдэж, улмаар газар авах нь тогтвортой хөгжилд томоохон саад бэрхшээл учруулж, хувь хүн, нийгэм болон улс орны хэмжээнд хүний хөгжил хийгээд нийгэм-эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс Монгол улсад ЖСХ, түүний дотор ГБХ-тэй тэмцэхийн чухлыг ойлгосны үндсэн дээр НҮБ-ын Хүн амын сан (НҮБХАС) болон Швейцарын хөгжлийн агентлагаас (ШХА) Монгол улсад ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулахаар засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагууд зөвшилцөж эхэлсэн.
Энэхүү хэлэлцүүлгийн дүнд Монгол улсад ЖСХ-ийн бодит байдал ямар байгааг тодорхойлох мэдээллийг бий болгож, ашиглах; шийдвэр гаргагчид болон олон нийтийн ЖСХ-ийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэх; мөн хүчирхийллийн даван туулагчдыг хамгаалж, шаардлагатай үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийллийг дахин давтагдахаас урт хугацаанд сэргийлэхэд чиглэсэн салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүчирхийлэл үйлдэгчдэд хариуцлага тооцдог байх зохицуулалтын механизмууд болон бодлогын тогтолцоог бэхжүүлэх зорилготой дөрвөн жилийн санаачилга болох “Монгол Улсад ЖСХтэй тэмцэх нь” төсөл хэрэгжихээр болсон юм.
ЖСХ-тэй тэмцэх нь төслийг 2016-2020 оны хооронд Монгол улсын Засгийн газар болон НҮБХАС хамтран хэрэгжүүлсэн. Төсөл ШХА-ын 4.3 сая ам.доллар, НҮБХАС-ийн 853,000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Засгийн газар мөн санаачилгад зориулж 452,000 ам.долларын хувь нэмрээ оруулсан бөгөөд энэ санхүүжилтийн дийлэнх хэсэг нь шийдвэр гаргагчид ЖСХ-тэй тэмцэхэд засгийн газрын үүрэг ямар байх вэ гэдгийг илүү соргогоор мэдэрч, ойлгож эхэлсэн төслийн сүүлийн жилүүдэд хийгдсэн юм.