Афганистан Улсын иргэн Халид Кабулын Анагаах Ухааны Их Сургуулийг их эмч мэргэжилтэй төгссөн бөгөөд Нидерландын Рояал Тропикал Институтэд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистр, Швейцарын Базелийн их сургуульд эрүүл мэндийн менежментийн чиглэлээр дипломтой сургалтанд хамрагдсан билээ.
Халид Шарифи НҮБ-ын Хүн амын санд 2015 оноос хойш Афганистан дахь НҮБ-ын Хүн амын сангийн Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, Шадар суурин төлөөлөгч, Дэд төлөөлөгчийн эзгүйд Дэд төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан.
Тэрээр НҮБ-ын Хүн амын санд ажиллаж эхэлхээсээ өмнө Афганистаны төрийн бус байгууллагуудад арав гаруй жил ажилласан бөгөөд Афганистаны анхан болон хоёрдогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөрт ерөнхий захирал, эрүүл мэндийн захирал, хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан.
Өмнө нь Халид Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Афганистаны Улаан хавирган сар нийгэмлэгт есөн жил ажилласан бөгөөд Кабулын үндэсний эмнэлгүүдэд хүүхдийн эмчээр, дараа нь эмнэлзүйн эмчээр нийт дөрвөн жил ажилласан.
Халид үйл ажиллагааны судалгааны чиглэлээр ажиллах дуртай бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд Халид Афганистаны нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны цуврал судалгаа, хөтөлбөрийн үнэлгээний ахлагч/хамтран судлаачаар ажилласан. Тэрээр Афганистаны үндэсний байгууллагын хяналтын зөвлөлийн гишүүний хувьд Афганистаны нийгмийн эрүүл мэндийн судалгаанд ихээхэн хувь нэмрээ оруулсан.
Халид нь анхан шатнаас үндэсний түвшинд хөгжил, хүмүүнлэгийн үйл ажиллагааг удирдан чиглүүлсэн 22 жилийн туршлагатай. Тэрээр тогтвортой хөгжлийн төлөө нөхөн үржихүйн болон бэлгийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах зайлшгүй шаардлагын талаар шийдвэр гаргагчдад нөлөөлөхийн тулд олон нийтийн нөлөөлөл, өндөр төвшний бодлогын яриа хэлэлцүүлэг зохион байгуулж, нотолгоонд суурилсан үр дүнг ашиглахыг зорьдог.