You are here

Залуу хүмүүст онцлог хэрэгцээнд нь тохирох, хүртээмжтэй бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. 2017-2022 оны 6 дахь Улс орны хөтөлбөр нь бүх аймаг болон Улаанбаатар хотын бүх дүүрэгт өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг фокусаа болгож байна.

КОВИД-19-ийн хариу арга хэмжээ

2020-2021 онд Рио Тинто ХХК-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан дөрвөн газарт ПГУ-ын шинжилгээний лаборатори байгуулсан билээ. Тэдгээр нь: Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв; Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг; Замын Үүд сумын Нэгдсэн Эмнэлэг; мөн Даланзадгад сум дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв юм.

Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сан КОВИД-19-ийн бэлэн байдал болон халдвараас сэргийлэх сургалтыг Улаанбаатар хот болон Орос, Хятадтай хил залгаа Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгуудын эх барихын тусламж үйлчилгээний ажилтнуудад явууллаа.

Эх баригчдын чадавхыг нэмэгдүүлэх

2017-2022 оны 6 дахь Улс орны хөтөлбөр нь эх баригчдын төгсөлтийн өмнөх сургалтыг шинэчлэн сайжруулж, эх барихуйн яаралтай тусламж, нярайн тусламж үйлчилгээ болон гэр бүл төлөвлөлтийн ур чадварыг нь сайжруулах замаар эх баригчдын чадавхыг нэмэгдүүлсээр байна.

Залуу малчдад зориулсан амьдрах ухааны боловсрол болон гарааны бизнесийн санаа

2020-2022 оны НҮБ-ын “Малчдын нийгмийн даатгалыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан төслийн хүрээнд НҮБ-ын Хүн Амын Сан Завхан аймаг дахь залуу малчдын инновацлаг гарааны бизнес болон амьдрах ухааны боловсролыг дэмжиж байна. НҮБ-ын Хүн Амын Сан энэ хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ-тай түншлэн ажиллаж байна. 2021 онд таван сумын малчдад мал сүргээсээ ангид орлогын эх үүсвэртэй болоход нь нийт 138 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Энэхүү дэмжлэг нь эцсийн дүндээ зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлийг даван туулах чадавхыг нь нэмэгдүүлэх юм.