Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах зорилгоор таван эмч, гурван сувилагчаас бүрдсэн мэс заслын баг өнгөрсөн оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсын “Самсунг” эрүүл мэндийн төвийг зорьж, хүүхэд, нярайн зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан юм. Монгол улсад Гуравдугаар Төв Эмнэлэг л зүрхний нээлттэй мэс заслыг хийдэг цорын ганц эмнэлэг бөгөөд энэхүү тусламж үйлчилгээ нь ихэвчлэн насанд хүрэгчдэд чиглэсэн байдаг. Харин хүүхэд нярайд хийх мэс засал нь насанд хүрэгчдийнхээс тэс өөр юм. Хүүхдийн зүрхний мэс засал нь мэс заслын тодорхой арга техник шаарддаг төдийгүй хагалгааны дараах эмчилгээнд ч нарийн мэргэших шаардлага гардаг. Монгол улсад дутагдаад байгаа энэхүү нарийн ур чадварыг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв ийнхүү хангах боломжтой болж байна.
Ачаалал ихтэй, хүлээлгийн жагсаалтад хэдийн дарагдсан Гуравдугаар төв эмнэлгээс ялгаатай нь ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг нь бяцхан өвчтөнүүдэд шаардлагатай зүрх судасны тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тусгайлан тоноглогдох юм. Хүлээгдэл ихтэйн улмаас өөр сонголтгүй болсон олон эцэг эх хүүхдээ эмчлүүлэхээр гадаад улс орнуудыг зорих болдог билээ.
“Самсунг” эрүүл мэндийн төвийн сургалтанд хамрагдсанаар дээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, гадагшаа эмчлүүлэхээр явж буй хүүхдүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг дотооддоо үзүүлэх боломжийг ЭХЭМҮТ бүрдүүлэх юм. Солонгос улсад зохион байгуулагдаж буй тус сургалт нь ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, хүүхдийн зүрхний мэс засал, мэс заслын дараах эмчилгээг Монгол Улсад илүү хүртээмжтэй, үр дүнтэй болгох, Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой.
2024 оны 12 дугаар сарын 2-нд БНСУ-ыг зорьсон ЭХЭМҮТ-ийн мэс заслын эхний ээлжийн багийн гишүүд болох сувилагч С.Батчимэг, Б.Баясгалан, Г.Сумьяарагчаа нар сургалтад хамрагдсан туршлагаа хуваалцаж байна. С.Батчимэг бол ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн хагалгааны сувилагч юм. Тэрбээр БНСУ-д туршлага судалж байхдаа нийт 24 мэс заслын явцад оролцсон бөгөөд энэ хугацаанд хагалгааны өрөөний бэлэн байдлыг хангах, тэр дундаа мэс засал амжилттай хийгдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хүчилтөрөгч зэрэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайтар зохион байгуулахад Солонгос эмч нар ихээхэн анхаардгийг анзаарчээ.
Г.Сумъяарагчаа сувилагч энэхүү сургалтын явцад хүүхдийн мэс заслын дараах тусламж үйлчилгээнд хэрхэн анхаарч байсныг дурдаад, багийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нь тусламж үйлчилгээг дээд түвшинд үзүүлэхэд ямар их ач холбогдолтойг мэдэрсэн тухайгаа ярьсан юм.
Тэрбээр Монгол, Солонгос 2 улсын мэс заслын дараах үйл явцад, ялангуяа эдгэрэлтийг хянах, хагалгааны хүндрэлийг эмчлэх арга техникийн хувьд эрс ялгаатай байдал ажиглагдсан, мөн түүнчлэн эхчүүдийн хүүхэдтэйгээ харьцах арга барил ч ялгаатай байсныг ажигласан тухайгаа дурьдаж байв.
Нэг мэс засал дор хаяж 5-6 цаг үргэлжилж байсан ба өдөрт 2 мэс засал хийгддэг. Мэс засал бүрийн дараа сувилахуйн баг цугларч, тухайн өдрийн тохиолдлоо эргэн хянаж, мэдээ алдуулалтын протокол, мэс заслын дараах тусламж үйлчилгээний стратегийг хэлэлцэхийн зэрэгцээ, мэс заслын эмч нарын ашигладаг тусгай арга техник, тухайлбал эдгэрэлтийн үед хэрхэн өвдөлт намдаалт, амьсгалыг хэрхэн удирдаж байсан талаар ярилцдаг байна.
Хагалгааны дараах тойм хийх үйл явц нь багийнханд сурч мэдсэн шинэ ур чадвараа баталгаажуулах, ойлголтоо бататгах, ялангуяа нөхөн сэргээлтийн иж бүрэн, нарийн төлөвлөлтийг чухалчилдаг Солонгос улсын хүүхдийн зүрхний эмчилгээний дэвшилтэт, системтэй арга барилын талаар сурч мэдэж авахад чухал ач холбогдолтой байжээ.
Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулснаар энэ төрлийн мэс засал шаардлагатай байгаа хүүхдүүд гадаад улс орныг зорих шаардлагагүй болж байна. Гадаадад эмчлүүлэхэд эдийн засгийн хүндрэлээс эхлээд цаг хугацааны бэрхшээл зэрэг олон саад тотгор тулгардаг. Гагцхүү Монголдоо энэхүү мэс заслыг хийх боломжтой болж байгаа нь л олон хүүхэд, нярайн эрүүл мэндийг хамгаалахад нэн чухал билээ. Сувилагч нар эх, хүүхдийн эмнэлэгтээ хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхэд бүрэн чадавхажсан, бэлэн байгаагаа итгэлтэйгээр нүүр дүүрэн инээмсэглэн хэлж байлаа.
ЭХЭМҮТ-д тус мэс заслын өрөөг бэлдэх үйл явц одоогоор өрнөж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг хийж эхлэх юм. Уг мэс заслын төслийг Люксембургийн Вант Улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн Амын Сан болон Люксембургийн Зүрхний Мэс Засал, Зүрх Судлалын Хүрээлэнтэй хамтран ЭХЭМҮТ хэрэгжүүлж байна.