Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

Press Release

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ

calendar_today 07 April 2016

Улаанбаатар хот, Монгол Улс.

2016 оны 4 дүгээр сарын 8-ны Баасан гарагт Хан-Уул дүүргийн Жаргалант үйлчилгээний төв дэх Нацагдоржийн 2 дугаар салбар номын сангийн 2 давхарт байрлах Залуучуудын хөгжлийн төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Энэхүү үйл ажиллагаа нь Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн зорилго, үйл ажиллагааг өсвөр үе, залуучууд, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэнэ.

Тус үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд оролцох ба тэрээр Номын санг дахин тохижуулахад хүчин чармайлт гарган, хөрөнгө оруулалтыг шийдсэнээр залуучуудад үйлчилдэг, тэдэнд ээлтэй орон зайг бүрдүүлсэн нь НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зорилготой бүрэн нийцэж байгаа юм. Тиймээс номын сан нь өргөжин хөгжиж, Залуучуудын хөгжлийн төв болсон байна.

Хан-Уул дүүрэгт байгуулаад байгаа Залуучуудын хөгжлийн төв нь Монгол улсад байгуулж буй 16 төвийн нэг юм. Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Залуучуудын хөгжлийн төв байгуулах зорилт юм.

Монгол улсын ирээдүйн удирдагчид болох залуу хүмүүст нийгэмдээ хязгааргүй их хувь нэмэр оруулах нөөц бололцоо байгааг НҮБ-ын Хүн амын сан болон дэмжигч байгууллагууд олж харснаар Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулж, үүгээр залуучууд улс орон нийгэмдээ эерэг нөлөө, хувь нэмэр оруулах, хариуцлагатай, бүтээлч иргэн болон чадавхижиж, хүний хөгжлийн өндөрлөгт хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьсон юм. Залуучуудын хөгжлийн төв нь залуу хүмүүст үе тэнгийнхэнтэйгээ уулзаж нэг нэгнээсээ суралцах хөгжилтэй, аюулгүй, нөхөрсөг орчин бий болгож, амьдралын болоод ажлын байранд шаардагдах ур чадвар олж авахад туслах сургалтууд зохион байгуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа, мэдээлэл өгч, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгч, өөрийн эрх ашигт хамаатай асуудлуудад идэвхтэй оролцох замаар ирээдүйгээ тодорхойлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд туслах бусад үйлчилгээг үзүүлэх юм.

НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара “НҮБ-ын Хүн амын сан залуучуудад хөрөнгө оруулалт хийх нь хөгжилд хүрэх дөт зам бөгөөд үүний үр дүнд залуучуудын амьдралын чанар сайжирч, ирээдүйн удирдагчид нь хариуцлагатай, бүтээлч, эерэг нөлөө бүхий иргэд болж төлөвших нь улс оронд нь ч маш их ач холбогдолтой гэж үздэг. Туршлагаас харахад Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд залуучууд өөрсдөө идэвхтэй оролцон, өөрсдөө эзэн нь байх нь Залуучуудын хөгжлийн төв амжилтад хүрэхийн гол түлхүүр байдаг. Иймээс эрч хүч бүхий залуучуудаас бүрдсэн залуучуудын зөвлөл байгуулдаг бөгөөд залуу хүмүүс тус төвийн үйл ажиллагааны цөм нь болдог. Үүнийг орон нутгийн засаг захиргааны байгууллага болон олон нийт дэмжин залуучуудын тулгамдсан асуудал, дэвшүүлсэн шинэ санааг сонсох цаг гарган дэмжинэ гэж найдаж байна. Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуу хүн бүр чадавхижиж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая. ”

Энэхүү арга хэмжээний зорилго нь Хан-Уул дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн зорилго, үйл ажиллагааг өсвөр үе, залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах явдал бөгөөд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд тус төвд олгогдсон тавилга, тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өгөхөд оршино.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Хан-Уул дүүргийн Засаг Даргын Орлогч Д.Анхбаяр нар үг хэлнэ. Мөн Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий Консул Маркус Валдфогел болон НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара болон төслийн хэрэгжүүлэгч талууд оролцох юм. Өдөрлөгийн үеээр залуучуудад зориулж оролцоо ба эрх сэдвээр лекц уншин, Баянгол, Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн Үе тэнгийн клубын гишүүд болон залуучууд танилцуулга хийж төрөл бүрийн урлагийн тоглолт үзүүлэх юм байна.

НҮБ-ын Хүн амын сангийн тухай (www.mongolia.unfpa.org)

НҮБ-ын Хүн амын сан нь эмэгтэйчүүд хүссэн үедээ жирэмслэх, эрүүл хүүхэд төрүүлэх, залуу хүн бүр чадавхижиж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө зорин ажилладаг НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. НҮБ-ын Хүн амын сан нь Монгол улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд Улс орныг хөгжүүлэх Тавдугаар хөтөлбөр (2012-2016 )-ийг хэрэгжүүлж байна.

 

Related Content