You are here

Арвайхээр сум, Өвөрхангай аймаг – Хүчирхийлэлд өртөгсдөд цогц үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг (НЦҮТ) 2020 оны 1 сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шинээр нээлээ. Энэхүү төв нь Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх нь” төслийн хүрээнд нээж буй ес дэх төв болж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нар болон орон нутгийн холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хорогдох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээгээр хангана. Энэхүү нэг цэгийн үйлчилгээний шинэ төвийн хамт нийт 15 төв Монголд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдийн 5 нь Улаанбаатар хотод, харин Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Дархан, Дорнод, Хэнтий, Өмнөговь аймаг тус бүрт нэг нэг төв ажиллаж байна. Өвөрхангай аймагт нээгдсэн төв нь тус төслийн хүрээнд байгуулах сүүлчийн төв юм.

Энэхүү НЦҮТ-ийн барилгыг барих 80 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс шийдвэрлэж өгсөн бөгөөд НҮБ-ын Хүн амын сангаас 150 орчим сая төгрөгөөр шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж бусад шаардлагатай зүйлс худалдан авсахаас гадна орон нутгийн холбогдох мэргэжилтнүүдийн чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаануудад зарцуулсан байна.  

“Монгол эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь амьдралынхаа туршид дор хаяж 1 удаа хамтрагчийнхаа зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөж байна. Тиймээс бид чанартай үйлчилгээг хамгийн хэрэгцээтэй байгаа чиглэлд сайжруулан, хүртээмжтэй болгоход бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй. Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хамтрагч талууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг харахад таатай байна” хэмээн Каори Ишикава нээлтийн үгэндээ онцоллоо.

ЖСХ-тэй тэмцэх нь төслийн хүрээнд хүчирхийллийн тархалт хамгийн өндөр байгаа газруудыг газарзүйн онцлогийг харгалзан сонгож НЦҮТ-үүдийг байгуулсан. Өвөрхангай аймгийн хувьд нийт эмэгтэйчүүдийн 36.5% нь сүүлийн 12 сарын хугацаанд дотны харилцаатай хамтрагчийнхаа зүгээс ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртсөн байгаа бөгөөд  энэ үзүүлэлтээр тус аймаг хүчирхийллийн тархалт хамгийн өндөр 4 аймгийн 1 юм.  Мөн тус аймгийн эмэгтэйчүүдийн 19.4% бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байгаа нь Монгол улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт байна.

Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр салбарууд нэгдэн (1) илүү оновчтой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоон мэдээ, мэдээлэл цуглуулах явдлыг албажуулж; (2) жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийт, холбогдох албан тушаалтнуудын мэдлэгийг нэмэгдүүлж; (3) жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг салбарууд хамтран хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээний төв бол энэхүү өргөн хүрээний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Энэ санаачилгыг НҮБ-ын Хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна.