2023 оны 2-р сарын 8 – Монгол Улс, Улаанбаатар хот - НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хэрэгжүүлэх улс орныг дэмжих 7-р хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, хамтран хэрэгжүүлэхээр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, УИХ-ын Тамгын газартай 2023 оны 2-р сарын 8-ны өдөр хэрэгжүүлэгч түнш байгууллагын гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Л.Өлзийсайхан, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др. Халид Шарифи нар тус тус гарын үсэг зурсан юм.
Энэхүү түншлэл нь Хүн ам, хөгжлийн олон улсын бага хурал (ICPD) болон Монгол улсын Найроби 2019 амлалтын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Талууд уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсрол, нийгэм, эдийн засгийн хөгжил зэрэгт чанартай үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уг түншлэлийн хүрээнд хүн ам, хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучууд, жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зэрэг холбогдох хууль тогтоомжийг иргэдийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хамтран ажиллах болно гэдгээ онцлов.
2017-2022 онд хэрэгжсэн 6-р улс орны хөтөлбөрийн хүрээнд УИХ, НҮБ-ын Хүн амын сан хамтран Монгол улсын Найроби 2019 амлалтууд болох 2030 он гэхэд эхийн эндэгдлийг 100,000 амьд төрөлтөд 15 болгон бууруулах, жирэмслэхээс хамгаалах орчин үеийн арга, хэрэгслийн хүртээмжийг үйлчилгээ үзүүлэх цэгүүдэд нэмэгдүүлэх, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, бэлгийн чанартай, цогц боловсролыг олгох болон ажилгүйдлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эхэлсэн.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь Монгол улсын Засгийн газартай 1970-аад оны сүүлчээс эхлэн 1979 болон 1989 онуудад Хүн ам, орон сууцны тооллогыг явуулахад Статистикийн төв газарт тоног төхөөрөмж, сургалт явуулан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж эхэлсэн. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 1990-ээд оны эхэн үеэс эхлэн эмнэлгийн ажилтнуудыг сургалтанд хамрагдуулах мөн жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн хэрэгслээр хангах зэргээр дэмжиж ажиллаж иржээ.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн албан ёсны хамтын ажиллагаа 1992 онд анхны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх үеэс эхлэлтэй бөгөөд Засгийн газрын хөгжлийн бодлого хөтөлбөрийг дэмжихэд гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, хүн амын мэдээллээр хангах зэргээр дэмжлэг үзүүлж байжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн 2023-2027 онд хэрэгжих 7-р хөтөлбөр нь Монгол Улсад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийг хангах, жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, залуучуудыг чадавхжуулах, өндөр чанартай мэдээлэл, хүн ам зүйн шинжилгээг ашиглахад чиглэж байна.