Монгол Улс, Улаанбаатар хот – НҮБ-ын Хүн Амын Сан ба JCI Progress байгууллага залуучуудыг хөгжүүлэх “1000 идэвхтэй иргэн” санаачлагыг 2 жил хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, JCI Progress байгууллагын Ерөнхийлөгч Б.Батзаяа нар Харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгээр НҮБ-ын Хүн амын сан болон JCI Progress байгууллага нь Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон аймаг, дүүргийн нийгмийн дэмжлэг шаардлагатай залуучуудад хувь хүний болон бизнесийн ур чадвар олгох сургалт, семинар зохион байгуулах, залуучуудыг жижиг төсөл санаачлан хэрэгжүүлэхэд заавар зөвлөгөө өгөх, менторинг, чиглүүлэг хийж, дэмжлэг үзүүлэх санаачлагыг хамтран хэрэгжүүлэхээ баталгаажуулж байна.
Залуучуудын хөгжил нь улс орны хөгжлийн үндсэн хүчин зүйл бөгөөд залуучуудад нөөц, чадавхи, боломжоо бүрэн дүүрэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн чухлыг хоёр байгууллага хүлээн зөвшөөрч байна. “Өнөөдөр Монголын залуу хүн амын тоо, нийт хүн амын дунд эзлэх хувь Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Залуучуудын хүний эрх, сайн сайхан байдал хангагдаж байгаа эсэх нь улс орны хөгжлийн тодорхойлогч хүчин зүйл байдаг учир энэ нь НҮБ-ын Хүн амын сангийн үндсэн мандатын асуудал юм” гэж НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэв.
Энэхүү санаачлага нь нийгмийн дэмжлэг шаардлагатай 15-34 насны 1000 гаруй залуучуудыг хамарч, идэвхтэй, бүтээлч, бие даах чадвартай иргэн болж төлөвшихөд туслах юм. JCI Progress байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч Б.Батзаяа “манай гишүүд нийгэмд үр нөлөө үзүүлэхийн төлөө ажилладаг. Бидний хамтран хэрэгжүүлэх төсөл нь Монгол залуучуудаа дэмжиж, чадавхижуулахад хамгийн их үр дүнг үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна” JCI Progress байгууллагын гишүүд санхүүгийн боловсрол, бизнес эрхлэлт, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, төсөл бичих чадвар, үйл явцыг чиглүүлж, залуучууд жижиг төсөл санаачлан хэрэгжүүлэх явцад мэргэжлийн үнэтэй зөвлөгөө, заавар, менторингийн гэх мэт дэмжлэг үзүүлж, шинэ харилцаа холбоо бий болгоход тусалж ажиллана. Сургалтад амжилттай оролцсон залуучууд баг бүрдүүлэн, өөрсдийн нь болон гэр бүл, орон нутгийн хувьд үлдэцтэй, хэмжигдэхүйц үр дүн бүхий жижиг төслүүдийг хамтран санаачилж, төлөвлөж, хэрэгжүүлэх юм.
Энэхүү санаачлагыг Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Люксембургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газар ба НҮБ-ын Хүн Амын Сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд байгуулагдсан Залуучуудын Хөгжлийн Төвүүдийг түшиглэн хэрэгжүүлнэ. Эхний жилд Дархан-Уул, Орхон аймаг, нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Залуучуудын Хөгжлийн Төвүүдийг хамрах ба хоёр дахь жилд нь бусад аймгуудад хэрэгжих юм.