You are here

Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэл, хор хөнөөлтэй үйлдлээс хамгаалах нь ёс зүйтэй төдийгүй хүний эрхийн зайлшгүй арга хэмжээ юм. Гэвч, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл хүний эрхийн зөрчил хэвээр байсаар байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлийн асуудал нь дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор Монгол улсын хувьд олон нийтийн сэтгэлийг зовоосон асуудал хэвээр байна. Хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдийн тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна. Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бэлгийн хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн статистик тоо мэдээлэл байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүчирхийллийн хохирогчийн эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдал, бие даасан байдалд ноцтой хор хөнөөл учруулдаг хэдий ч хүчирхийлэл үйлдэгчид гэм зэмгүй өнгөрдөг байдал нийгэмд хэвээр оршсоор байна. Хүчирхийллийн хохирогчид нь хүчирхийллийн улмаас эсвэл хүсээгүй үедээ жирэмслэх, аюултай үр хөндөлт хийлгэх, бэлэг эрхтэн урагдаж, гэмтэх, бэлгийн замын болон ХДХВ-ын халдвар авах зэрэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хүндрэл амсах, улмаар амь насаа алдах зэрэг эрсдэлтэй тулгардаг.

“Жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй хүчирхийлэл үйлдсэн хүчирхийлэгч гэм зэмгүй өнгөрдөг байдал, түүний улмаас үүсч бий болсон айдас түгшүүр нь бүх охид эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлдөг,” гэж НҮБХАС-ын Монгол улсад суугаа суурин төлөөлөгч Наоми Китахара онцоллоо.

Монгол улсын хувьд, НҮБХАС–ын дэмжлэгтэйгээр байгуулагдсан Нэг Цэгийн Үйлчилгээний төвүүд хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай сэтгэц-нийгмийн тусламж, хуулийн зөвлөгөө, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ, цагдаагийн хамгаалалт үзүүлж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, дарамтаас ангид амьдрах эрхийг дэмжин ажилладаг. НҮБХАС нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх улс орны хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. 

“НҮБХАС, түүний хамт олон бид, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Монгол улсад охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд бүхий л боломжтой дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахаа дахин илэрхийлж байна. Бид охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахын төлөө тэмцэлд бидэнтэй нэгдэхийг бүх хамтрагч талууддаа уриалж байна,” гэж хатагтай Китахара хэллээ.

НҮБХАС нь жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн бие махбодь, сэтгэл зүйн үр дагаврыг арилгах чиглэлээр манлайлан ажиллаж байгаа НҮБ-уудын нэг юм.