Хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш бус байдлыг шийдвэрлэж, тэдний эрхийг хамгаалахгүй бол дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрч чадахгүй байж болзошгүйг НҮБ-ын Хүн амын сангийн тайланд анхааруулав
- НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсоноор Монголд нийт жирэмслэлтийн 14% нь хүсээгүй жирэмслэлт байна;
- 2012-2015 онд урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийн 9.7% нь аюултай үр хөндөлтөөс болжээ;
Улаанбаатар хот – Тэгш бус байдлыг нэн даруй шийдвэрлэж, ядуу эмэгтэйчүүд амьдралаа өөрсдөө шийдэх эрхтэй болгохгүй бол улс орнууд эдийн засгийн тогтвортой бус байдал, нийгмийн задралд орж болзошгүй байгааг өнгөрсөн сард НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланд онцолсон байна.
Тэгш бус байдал түүний дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангаагүйн улмаас нийгэмд хохирол учраад зогсохгүй дэлхийн нийтийн зорилт бүхэлдээ ганхахад хүрч болзошгүй байгааг НҮБ-ын Хүн амын сангаас шинээр гаргасан “Хол зөрүүтэй дэлхий ертөнц: Тэгш бус байдлын эрин дэх нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх” нэртэй тайланд анхааруулжээ.
Хамгийн ядуу эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ түүний дотор гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй бол эдийн засаг сульдаж, тогтвортой хөгжлийн тэргүүн зорилт болох ядуурлыг устгах үйл явцад саад учирна.
Монгол улсад ядуурал ихсэхийн хэрээр гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ өсч байгааг НҮБ-ын Хүн амын сан онцлов.
“Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Бидний тооцоогоор Монголд нийт жирэмслэлтийн 14% нь хүсээгүй, огт төлөвлөөгүй жирэмслэлт байна” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара тайлбарлаад “Энэхүү тоон мэдээ, мэдээллээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй, улмаар ядуурлын эргүүлэгээс гарч чадахгүй улам ядуурч байна” гэв.
Эдийн засгийн тэгш бус байдал даамжрахын хэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд зэрэг асуудалтай холбоотой бусад тэгш бус байдал даамжирч, улмаар давуу эрхтэй цөөн хэдэн хүн л нөхөн үржихүйн асуудлаа хянах боломжтой болно.
“Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлаа хянадаг болсоноор сурч боловсрон, цалинтай ажил хөдөлмөр эрхэлж, эдийн засгийн илүү их эрх мэдэлтэй болдог”-ийг Китахара онцлов.
Гэр бүл төлөвлөлтийн хүртээмж хязгаарлагдмал байгаагийн улмаас хөгжиж буй орнуудад жил бүр 89 сая хүсээгүй жирэмслэлт, 48 сая үр хөндөлт гарч байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хохирол учруулаад зогсохгүй цалинтай ажил, хөдөлмөр эрхэлж, санхүүгийн хувьд бие даах боломжийг нь хязгаарлаж байгааг тайланд дурьджээ.
Хүүхэд асрах боломжийн үнэ бүхий үйлчилгээ болон өөр бусад үйлчилгээ хомс тул эмэгтэйчүүд гэрээсээ гадуур ажил хайхаа больдог. Мөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байх, ажил олгогч нар жирэмсэн эмэгтэйг явгаварлан гадуурхах зэрэг жирэмсэлсэнийх нь төлөө гэсгээх мэт зохисгүй явдал амь бөхтэй байгаа учраас ажил хөдөлмөр эрхэлж буй олон эмэгтэй цаашид ажил, албан тушаал ахих, үр хүүхэд төрүүлэх хоёрын аль нэгийг сонгоход хүрч байна.
“Монголд эдийн засгийн тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд бид юуны түрүүнд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг шийдэж, эмэгтэй хүн хэзээ, ямар зайтай, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөдөг орчинг бүрдүүлэх ёстой. Тэгш бус байдлыг шийдвэрлэж, нийгэм, институц, бусад зүйлсээс үүдэлтэй саад тотгоруудыг арилгаснаар эмэгтэйчүүд өөрсдийнхөө нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно.”
2030 он гэхэд бүхнийг хамарсан нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжилд хүрэх НҮБ-ын зорилтын дагуу хамгийн эмзэг бүлгийнхэнд хамгийн түрүүнд хүрч үйлчлэхийг НҮБ-ын Хүн амын сангийн тайланд онцлон зөвлөсөн байна. “Бид хамтдаа саад бэрхшээлүүдийг арилгаж, тэгш бус байдлыг засч залруулан, илүү сайн сайхан ирээдүйг цогцлоох”-оор 2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан. Иймд аливаа тэгш бус байдлыг бууруулахыг зорих хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангавал эмэгтэйчүүд үүнд асар их хувь нэмэр оруулах боломжтой”-г уг тайланд дурьдсан байна.