Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Oюу Toлгой компани болон НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжлийн төлөөх түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд хүргэж, Өмнөговь аймагт нийгмийн үзүүлэлтийн судалгааг эхлүүллээ

Oюу Toлгой компани болон НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжлийн төлөөх түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд хүргэж, Өмнөговь аймагт нийгмийн үзүүлэлтийн судалгааг эхлүүллээ

News

Oюу Toлгой компани болон НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжлийн төлөөх түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд хүргэж, Өмнөговь аймагт нийгмийн үзүүлэлтийн судалгааг эхлүүллээ

calendar_today 12 April 2018

Oюу Toлгой компани болон НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжлийн төлөөх түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд хүргэж, Өмнөговь аймагт нийгмийн үзүүлэлтийн судалгааг эхлүүллээ
Oюу Toлгой компани болон НҮБ-ын Хүн амын сан залуучуудын хөгжлийн төлөөх түншлэлийн харилцаагаа шинэ түвшинд хүргэж, Өмнөговь аймагт нийгмийн үзүүлэлтийн судалгааг эхлүүллээ

Улаанбаатар хот, Монгол улс – Оюу Толгой компаний гүйцэтгэх захирал Армандо Торрес, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын хөгжилд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Өмнөговь аймгийн нийгмийн үзүүлэлтийн статистик мэдээ, мэдээллийг цуглуулж судалгаа хийх хамтарсан гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн гурван жилд, тус байгууллагууд Ханбогд суманд залуучуудын хөгжлийн төв, өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник, үе тэнгийн сургагч нарын сүлжээг байгуулж, залуучууд бие даан бизнес эрхлэх явдлыг дэмжсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж, залуу малчид, алслагдсан эмзэг бүлгийн залуучуудыг дэмжиж ирлээ.

НҮБ-ын Хүн амын сан энэхүү түншлэлийн хүрээнд үндэсний түвшинд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай анхны хуулийг батлуулахын төлөө амжилттай ухуулга нөлөөлөл хийж, уг хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар одоо залуучуудын хөгжлийн төвүүдийн хүний нөөц, зардлыг нь хариуцахаар болсон юм.

Ханбогд сумын залуучуудын хөгжлийг дэмжих энэхүү хамтын ажиллагааны хоёр дахь шатанд Оюу Толгой компани НҮБ-ын Хүн амын санд 230,000 ам.долларын санхүүжилт олгож, НҮБ-ын Хүн амын сан өөрийн нөөцөөс 231,000 ам.доллар нэмж хуваарилахаар тохиролцов.

Түншлэлийн хоёр дахь шатлалын хүрээнд тус хоёр байгууллага томоохон уул уурхай орон нутаг, иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохын тулд Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгааг 300.000 ам.доллараар хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Ингэхдээ гурван дэд судалгаа хийх бөгөөд үүний нэг нь улс орон даяар явуулдаг нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа юм.

Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянах үндэсний хүрээг боловсруулж буй энэ үед найдвартай тоон мэдээ, мэдээллийг цаг алдалгүй тогтмол цуглуулахад хөрөнгө оруулж, стратеги төлөвлөгөө гаргах шаардлагатай байна. Тэгвэл Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь энэхүү үйл явцыг ялангуяа Өмнөговь аймагт (аймгийн түвшинд) дэмжиж байна.

Оюу Толгой болон Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн энэхүү түншлэлийн хүрээнд хувийн хэвшил болон хөгжлийн салбарт ажилладаг тус хоёр байгууллага хамтран ажиллаж байна. Ийм шинэлэг хамтын ажиллагаа нь НҮБ-ын агентлагийн хувьд анхных юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “өнгөрсөн 3 жил Ханбогд сумын залуучуудын хөгжлийн төлөө хамтран хэрэгжүүлсэн ажилдаа Оюу Толгой компани, НҮБ-ын Хүн амын сан сэтгэл хангалуун байж, хүрсэн үр дүнгээрээ бахархаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна” гээд “одоо хоёр дахь төслөө хэрэгжүүлэхээр өнөөдөр бид гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төслийн хүрээнд Өмнөговь аймагт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны судалгаа хийнэ. НҮБ-ын Хүн амын сан нутгийн хүн ам, ялангуяа эмзэг бүлгийнхэнд чиглэсэн баримтад тулгуурласан, үр дүнд хүрэхийг зорьсон төлөвлөлт, төсөв боловсруулалтад чухал ач холбогдолтой чанартай, найдвартай тоон мэдээ, мэдээллийг Өмнөговь аймагт гаргаж өгөхийн төлөө ажиллана” гэж мэдэгдэв.

Оюу Толгой компаний гүйцэтгэх захирал Армандо Торрес “гурван жил ажилласны эцэст Залуучуудын хөгжлийн төв одоо тус бүс нутагт залуучуудыг хөгжүүлэх, тэднийг амьдрах ухаанд сургаж, бизнес санаачилгуудыг нь дэмжих гол байгууллага боллоо. Өнөөдөр эхлүүлж буй хамтын ажиллагааны хоёр дахь шатлалын хүрээнд залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, амьдрах ухааны цогц боловсрол олгохын сацуу залуучуудын гарааны бизнесийг дэмжинэ” гэж онцлов. Мөн “мэдлэг, чадвартай залуучууд бол бид бүхний эрэлхийлж буй ахиц дэвшилд хүрэх хөдөлгүүр юм. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулсанаар Ханбогд сумын залуучууд цэцэглэн хөгжинө гэдэгт бид эргэлзэхгүй байна. НҮБ-ын Хүн амын сан болон Ханбогд сумын засаг захиргаатай ийнхүү үр дүнтэй хамтран ажиллаж байгаагаараа Оюу Толгой компани бахархаж байна” гэв.

НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгий газартай хамтран Оюу Толгой, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр өнөөг хүртэл нийтдээ Монгол улс даяар залуучуудын хөгжлийн 16 төвийг байгуулаад байна. Эдгээр төвүүд нь хариуцлагатай, эерэг хандлагатай, бие даасан залуу үеийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.

Түншлэлийн давуу талыг онцлон хатагтай Китахара нэмж “Оюу толгой компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх идэвхи зүтгэлээрээ бусдад үлгэр дууриалал болохуйц байгууллага юм. Оюу толгойн зүгээс Монголын олон нийтийн хөгжлийг дэмжиж, шаргуу зүтгэж байгаад бид маш их баяртай байна” гэж хэлэв.  

Энэхүү харилцаанд тулгуурлан, Oюу Tолгой компаниас санхүүждэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан саяхан НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газар, Австралийн Засгийн газартай хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг дэмжихээр батлав. Энэ хөтөлбөр нь нийт 5,000,800 ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 1.7 сая ам.долларыг Оюу толгойгоос санхүүждэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан санхүүжүүлнэ. 2018 оны 4-р сарын эцсээр энэхүү нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.

***

НҮБ-ын Хүн амын сангийн тухай (www.mongolia.unfpa.org)НҮБ-ын Хүн амын сан  бол жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.  Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

 

Оюу Толгой компаний тухай (www.ot.mn “Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажиллагаанд бүхнээс илүү анхаардаг бөгөөд ажлыг аюул осолгүй гүйцэтгэх боломжгүй бол түүнийг огт хийхгүй гэсэн зарчмыг баримталж ажилладаг.