You are here

2022 оны 12 сарын 15 Улаанбаатар. НҮБ-ын Хүн амын сан Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөр 2023-2027 –ийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7 дугаар хөтөлбөр нь өмнөх хөтөлбөрийн амжилт дээр суурилан, Монгол Улсын Засгийн Газрын Алсын Хараа 2050, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг, ОУ-ын Хүн Ам ба Хөгжлийн Бага Хурлын (ОУХХБХ) Мөрийн хөтөлбөр, 25 дахь удаагийн ОУХХБХ-д илтгэсэн Засгийн Газрын үүрэг амлалт, НҮБ-ын Хүн амын сангийн стратегийн төлөвлөлттэй нягт уялдан боловсруулагдсан болно.

Хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сан Засгийн газрын 10 байгууллагатай хүч, чармайлтаа нэгтгэн дараах 3 зорилтод хүрч ажиллах юм. Үүнд:

(a) Сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх;

(b) Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх;  

(c) Хорт зуршил болон жендерт суурилсан хүчирхийллийг, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл, эрт болон албадан гэрлэлтийг тэглэх

Хамтран ажиллах байгууллагуудыг дурдвал:

  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам
  • Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
  • Эрүүл Мэндийн Яам
  • Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Зөвлөл
  • Жендерийн тэгш байдлын үндэсний хороо
  • Онцгой Байдлын Ерөнхий Газар
  • Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар
  • Үндэсний Статистикийн Хороо
  • Хүний Эрхийн Үндэсний Комисс
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Өнөөдрийн арга хэмжээ нь Гадаад Хэргийн Яаман дээр зохион байгуулагдаж байгаа ба Олон талт Хамтын Ажиллагааны Газрын дэд захирал П.Баасанхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлэв.

Арга хэмжээний үеэр хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагууд НҮБ-ын Хүн амын сантай гэрээнд гарын үсэг зурж ирэх 5 жилийн хамтын ажиллагаагаа баталгаажууллаа.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ тэрээр “хэнийг ч үлдээхгүй байх” зарчимд суурилан, хэрэгжүүлэгч байгууллагуудтайгаа хамтран боловсруулсан НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөрийг дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.

Мөн НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифи Улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрийн ололт амжилтаас хуваалцахын зэрэгцээ ирэх 5 жилд хэрэгжих шинэ хөтөлбөрийн хүрээнд Монгол эмэгтэйчүүд, залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудыг эрх мэдэлжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангахад хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү хэлэхдээ НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих хөтөлбөрийн онцлог нь нарийвчлан задалсан статистик тоо мэдээллийг ашиглах, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх стратегийн түншлэлийг уялдуулах, бүх нийтийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн загвар болон амжилттай хэрэгжсэн туршлагуудыг нэвтрүүлэх, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг үүсгэж буй жендерийн болон нийгмийн тогтсон хэв шинжийг системтэйгээр өөрчлөх, залуучуудыг Монгол улсдаа хүний хөгжлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, өөрчлөлтийг авчрахад манлайлан оролцох, тэдний шийдвэр гаргалтад оролцох оролог нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөх замаар НҮБ-ын Хүн амын сангийн Гурван зорилтод хүрэх болохыг онцоллоо.

НҮБ-ын Хүн амын сан нь “ Жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд байж, залуу хүн бүрийн чадавхыг бүрэн дайчилдаг ертөнцийг бий болгох”-оор зорин ажилладаг билээ.

 Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн он цагийн түүх

1970-аад оны сүүлээс эхлэн Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд 1979, 1989 онд Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулахад Статистикийн төв хороонд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, сургалт явуулж байв. 

1990-ээд оноос эхлэн эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжин эмнэлгийн эмч ажилтнуудыг сургаж, жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслээр хангаж эхэлсэн.

1992 онд анхны албан ёсны Улс орныг дэмжих цогц хөтөлбөрийг боловсруулж Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллав. Энэ хүрээнд гэр бүл төлөвлөлтийн талаарх тусламж үйлчилгээ хүргэх, мэдлэгжүүлэх, Засгийн газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг дэмжихэд хүн амын статистик тоо мэдээллийг ашиглах байдлыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байжээ.

Улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөр нь 2017 онд эхэлсэн бөгөөд залуучуудын оролцоо, тэдний нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийг дэмжих, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд голлон үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн юм. Ингэснээр Монгол улс ТХЗ-д хүрэхэд бодитой хувь нэмэр оруулав. Мөн НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудтай болон НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Бодлогын бичиг баримттай нягт уялдуулан хөтөлбөрөө хэрэгжүүлж байлаа.

НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь хөтөлбөр нь 2023 оны 1 сарын 1-ээс 5 жилийн хугацаанд хэрэгжиж эхэлнэ.

Холбоо барих:

НҮБ-ын Хүн амын сангийн

Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Хаш-Эрдэнэ

и-мэйлbayarsaikhan@unfpa.org

Утас: +976 99984729