2021 оны 12 сарын 16
Улаанбаатар хот, ЭХЭМҮТ
“Эх яагаад эндэв” Итгэмжит лавлагаа судалгааны үр дүнг танилцуулах “Эхийн эндэгдэл- Нийгмийн хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улс 2016 онд Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийн Зорилт - 2-т Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна гэж заасан бөгөөд 2020 онд эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 25, 2025 онд Эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 20, 2030 онд сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 15 хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байна.
Эхийн эндэгдлийн тохиолдлыг “Итгэмжит лавлагаа”- аргачлалаар судлахын үндсэн зорилго нь эндэгдлийг бууруулахад гол бэрхшээл хаана байгааг олж илрүүлэх, цаашид эхийн эндэгдлээс сэргийлэхэд хийж болох хариу арга хэмжээг тодорхойлоход эрүүл мэндийн салбарт болон тухайн нийгэм, хамт олныг шаардлагатай зөвлөмж, мэдээллээр хангах, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлж өгөхөд оршино.
Эхийн эндэгдлийн "Итгэмжит лавлагаа" судалгаанд 2016-2019 онд Монгол улсын хэмжээнд эндсэн эхийн мэдээллийг ашигласан болно. Судалгааны үр дүнгээс харахад:
- Монгол улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах стратеги, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд эхийн эндэгдэл 2000 оноос хойш тууштай буурсан ба 2000-2004 онд эхийн эндэгдлийн харьцаа 133.0 байсан бол 2016-2019 онд 31.5 болж 4.2 дахин буурчээ.
- Эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлүүд: Энэ удаагийн үнэлгээгээр эхийн эрүүл мэнд, эндэгдэл өнөөдөр дан ганц эрүүл мэндийн системийн асуудал биш, энэ нь маш өргөн хүрээнд авч үзэх орчин үеийн нотолгоонд суурилсан эмчилгээний арга, технологи шаардсан нийгмийн эрүүл мэндийн архаг өвчин болж байгааг анхааруулсан чухал асуудлуудыг хөндөж байна. Тухайлбал: 2016-2019 онд эндсэн эхийн эндэгдэлд эмийн бодисын хамаарал (1),архины хамаарал (8), архаг тамхидалт (7), ар гэрийн хайр халамж дутмаг (7), гэр бүлийн хүчирхийлэл (7) зэрэг нийгмийн хүчин зүйлүүд нөлөөлж байв.
- Энэ удаагийн судалгааны бас нэг онцлог нь жирэмсэн үедээ золгүй гэх шалтгаанаар эндсэн эхчүүдийн материалд тусад нь үнэлгээ хийсэн явдал бөгөөд энэхүү үнэлгээгээр жирэмсэн эхчүүдийн дунд амиа хорлох, гэр бүлийн хүчирхийллийн золиос болох асуудал анхаарал татахуйц хэмжээнд хүрсэнийг харууллаа. Иймд жирэмсэн эхчүүдийг амиа хорлоход хүргэж байгаа гол шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг илүү дэлгэрэнгүй судлах шаардлага тулгарч байна.
- Эхийн эндэгдэлд хувь хүн гэр бүлээс шалтгаалсан хожимдол илүүтэй нөлөөлж байгаагаас гадна эмэгтэйчүүдийн дундах архины хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэл, амиа хорлолт, сэтгэцийн асуудлууд зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгааг судалгааны дүн харууллаа. Иймд эхийн эрүүл мэндэд нөлөөлж буй ниймийн асуудалд чиглэсэн эрүүл мэндийн оновчтой бодлого, шийдвэр, салбар дундын хамтын ажиллагаа, хөтөлбөр хэрэгжүүлж сэргийлэх боломжтой эндэгдлийг бууруулах хэрэгтэй байна.
- Эхийн эндэгдлийн судалгааны үр дүн, тайлангаар гарч буй дүгнэлт зөвлөмжийг улсын хэмжээнд бодлогын түвшинд өргөн хүрээтэй түгээх ажлыг сайжруулж, ялангуяа ард иргэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн дунд судалгааны үр дүнд суурилсан ухуулга нөлөөллийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах хэрэгтэй байна.
- Уг хэлэлцүүлэг нь судалгаанаас гарсан зөвлөмжийн хүрээнд хийгдэж байгаа хариу арга хэмжээний нэг бөгөөд хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБХАС-ийн Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон, зөвлөх эмч С.Хишгээ, Хүний эрхийн үндэсний хорооны хүний боловсрол, судалгаа хариуцсан газрын дарга З.Өнөржаргал, Гал Голомт төсөл” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Х.Энхжаргал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар панелистын үүргээр оролцож харин ДЭМБ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газрын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс, АШУҮИС, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Монголын оюутны холбоо, Жендерийн Үндэсний хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Гүнж төв ТББ зэрэг байгууллагын төлөөллийг оролцууулсанаар цаашид эхийн эндэгдэлд нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүдийг бууруулах хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход чухал хэвь нэмэр орууллаа.