You are here

“Нөхөн үржихүйн эрүүл мэнд, Эх, нярайн яаралтай тусламж” ур чадварт суурилсан сургалтыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд 3 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 24 сумдын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид, нярайн эмч нарыг оролцуулан Монгол улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн арга зүйн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүний үүрэг гүйцэтгэгч хатагтай Л.Оюунаа “Хүн амын сан нь Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олонтой он удаан жил Улс орныг дэмжих 2002 оноос эхлэн үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг цохон тэмдэглээд сүүлийн 12 жилийн хугацаанд хэрэгжсэн Эх, нярайн зайн оношилгооны төслийн хүрээнд  тоног төхөөрөмжийн шинэчлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, телемедициныг үр дүнтэй ашиглах зэрэгт бодит дэмжлэг үзүүлсэн нь  Хөвсгөл аймгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, аюулгүй эсэн мэнд амаржихад хувь нэмрээ оруулж ирсэнд баяртай байна,” гэж хэлэв.

Их хурлын Тамгын газрын зөвлөх М.Отгон, “УИХ-аас баталсан Алсын Хараа 2050 бодлогын баримт бичиг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулж, Тогтвортой Хөгжлийн Зорилтын хүрээнд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг дэмжих замаар эх хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлсийг багасгах зорилготойгоор ажиллаж байгааг та бүхэн мэдэх билээ,” гэж хэлэв.

Мөн нээлтийн үеэр Хөвсгөл Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн Дарга Ч.Ганбаатар эрүүл мэндийн үйлчилгээ, ялангүяа нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд цахим шинэчлэл болон технологийн дэвшилтүүдийг ашиглах тал дээр аймгийн ЗДТГ-н тувшинд онцгой анхаарч, хүндэрсэн эхийг онгоцоор тээвэрлэхэд орон нутгийн төсөвөөс дэмжлэг үзүүлж амь насыг нь аварч ажиллаж ирснийг онцлов.

НҮБ-ын Хүн амын сангийн Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэй КОВИД-19-ийн эсрэг хариу арга хэмжээний төслийн зохицуулагч Б.Цэдмаа “Эх яагаад эндэв?” судалгааны үр дүнг танилцуулж, эх баригч мэргэжилтний гүйцэтгэх ажил үүргийн хуваарийн шинэчлэл, дэлхийн чиг хандлага болон НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгийн талаар илтгэл тавилаа.

Онол дадлага хослуулсан, эмнэл зүйн тохиолдолд суурилсан тус сургалтыг АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг, АУ-ны доктор Т.Амартүвшин, ЭХЭМҮТ-ийн эх барихыг яаралтай тусламжийн сургагч багш Б. Чинзориг, Амгалан амаржих газрын нярайн зөвлөх эмч С. Энхтуяа зэрэг салбарын тэргүүлэгч эмч мэргэжилтэн нар удирдан чиглүүлж байгаа билээ.