“Аминчхан яриа” эсээ бичлэгийн уралдаанд 3-р байр эзэлсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Нандин-Эрдэний бичсэн "Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба аминчхан яриа" сэдэвтэй эсээг толилуулж байна.
Алтан нарны дулаахан элчээр аргадууланхан сэрэх шинэ өглөө айсуй. Цагаа хартал хэдийнээ 07:30 болсон байлаа. Яаран сандран босох гэтэл гэдсэн дотуур зүүгээр сүлбэх мэт л үнэхээр аймар өвдөж байлаа. Алхахаас бүр босоод хичээлдээ явна гэхээс ч дургүй хүрнэ. Алхах бүрт зовиурлан, хөдлөх бүрт хөндүүрлэн тасралтгүй 18 өдрийн турш ирсэн сарын тэмдэг намайг тэр үед үнэхээр тарчлаан зовооно. Хэн нэгэнтэй ярилцах байтугай авиа гаргахаас ч дургүй хүрч, зүгээр л өдөржингөө орондоо хэвтээд баймаар 18 хоног. Хэнд хандаж, юу хийх ёстой, ямар арга чарга хэрэглэхээ ч мэдэхгүй. Найзууддаа хэлмээр байв ч хүчлэхгүй, ээж маань хөдөө байдаг болохоор санааг нь зовоогоод яахав дээ! гээд хэлж зүрхлэсэнгүй, эмчид хандмаар байв ч хэлэхээc ичиж хэнд ч хэлэхгүй байхаар шийдлээ.
Өглөөний 08:00 цаг. Сургууль дээрээ ирлээ. Ангидаа ороод сууж байтал хаалгаар сургуулийн эмч орж ирэв. “ Өнөөдөр ахлах ангийн охидууд үзлэгтэй! 5, 5-аараа өрөө рүү ороод ирээрэй” гэж хэлээд гараад явчихав. Тэр үгийг сонссон би ихэд айн түгшиж, санаа зовж байлаа.
Нэгдүгээрт биений юм ирсэн учир эмчид түүнийгээ шалгуулна гэхээс ичиж, хоёрдугаарт үзлэгт ороогүй учраас хүүхдүүд юу гэж ярих бол доо! гэсэн айдас хүйдэс толгойд минь эргэлдсээр л байлаа.
Эмчийн өрөөнд ороод бусад охидыг үзүүлж дуусах хүртэл хүлээж байгаад биений юм нь ирсэн гэсэн хэдэн охид үлдэж шалгуулав. Үлдсэн охидыг гарсны дараа зориг шулуудан эмчдээ хэллээ. Энэ бүхнийг минь сонссон эмч "-ммхн, санаа зовох хэрэггүй дээ...” гээд л маш олон зүйл асууж бас маш олон зөвлөгөө өглөө. Эмчийн өрөөнд орохдоо авч орсон сэтгэл түгшилт, санаа зоволт тэр өрөөнд л үлдлээ.
Биений юм ирсэн өдрүүдэд юбканы цаанаас нэвтэрчих вий, үнэртэй болчих вий, хөвгүүд цүнх ухчих вий, гэж санаа зовнин мөн биений юм хэлбэлзэлтэй ирээд байна, нэг сард нь огт ирэхгүй боловч нөгөө сард нь 2 удаа ирээд байна гэх мэтчилэн ангийн охидууд хаа ганц ярилцана.
Үүнээс харахад дунд, ахлах ангийн охидууд “сарын тэмдэг” гэх зүйлээс үүдэн сургуулийн орчинд ичгүүрт байдалд орох мөн биеийн болон сэтгэл санааны дарамтад орох гэх мэт асуудалд өртөж байна. Ихэнх охид үүнийгээ тэр болгон хэн нэгэнд хэлж, бас зөвлөгөө авч чадахгүй, дотроо л бачимдан, санаа зовж шаналдаг. Тийм охидын тоо ингээд зөвхөн надаар дуусаасай хэмээн хүссэндээ үүнийг сийрүүлэн сууна. Би мэдээж зөвлөгч биш тийм болохоор та нартай зүгээр л сайхан ширээ тойроод аяга кофе уунгаа ярилцаж буй мэт аминчхан нэгэн яриаг эхлүүлэн, дүгнэж, санаа бодлоо хуваалцъя.
Нэгдүгээрт, томчууд бүгд өсвөр нас хэмээх нандин үеийг тойрч биш дайрч гарсан гэдгийг үргэлж сана. Тиймээс тэд бидэнд тулгамдаж буй асуудал бүртэй нүүр тулгарч, түүнийгээ даван туулж чадсан үлгэр жишээ бүхий бүлэг хүмүүс. Тийм байхад бид яагаад зөвлөгөө авахаас өөр гарцаагүй тэр хүмүүсээс айж эмээж, зөвхөн өөрт л тохиолдсон асуудал мэт хүндрүүлж, зөвхөн өөрөө л шаналах ёстой юм бэ?
Хоёрдугаарт, мэдээж хүн төрөлхтөн байгаа цагт “Асуудал" гэх зүйл алга болж үл чадна. Тиймээс бид үүнээс зугтаан зайлс хийгээд хаа холдоно гэж...
Та арай энэ байгаа газраасаа явчих л юм бол, энэ зүйлээс салчих л юм бол сайхан амьдарна гэж бодоогүй биз дээ?
Асуудлаас айн, дагжин чичирч, харсан зүг рүүгээ гүйн зугтаж, хаана ч хамаагүй газар очиж амьдраад та түүнийг шийдвэрлэх бус аль хэдийн живж орхиж...
Аливаа зүйл олон талтай, олон арга зам, сонголттой байдаг бол “асуудал” ганцхан шийдвэрлэх гэсэн эцсийн зогсоолтой. Тиймээс дов, толгодыг уул, овоо болголгүй буталж орхиё.
Охид минь та нар өөрт тулгамдаж буй бие физиологийн асуудлаа ээждээ, эгчдээ, найздаа, эмчид хэнд ч хэлэхээс битгий санаа зов. Би хэн нэгэнд үүнийгээ хэлэхээс санаа зовоогүй хүн биш, хэлэлгүйгээр дордуулж эерэг зүйлд хүрч чадаагүй учраас л миний алдааг битгий давтаасай хэмээн та бүхэндээ аминчлан захиж байгаа маань энэ. Бидний асуудал бол санаа зовох ёстой биш зөвлөгөө авч, шийдвэрлэх ёстой зүйл.