You are here

Даланзадгад, Монгол улс – Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал С. Эрдэнэбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар өнөөдөр Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжихэд санхүүжилт хуваарилах гэрээнд гарын үсэг зурлаа.

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд ихээхэн санаа зовоож байна. 2016 онд эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлт тутамд 212.9 байсан нь улсын дундажаас ихээхэн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт томоохон уул уурхайн үйл ажиллагааны улмаас уг аймагт ирэх хүн ам эрс нэмэгдэж, улмаар зам тээврийн осол, бэлгийн замаар дамжих халдвар ихэссэн байна.

Үүнийг шийдвэрлэхийн тулд Оюу толгой компаний санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаас НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар болон Австралийн Засгийн газрын хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг дэмжихээр болсон билээ. Нэгдсэн хөтөлбөр нь нийт 5,000,800 ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 1.7 сая ам.долларыг Оюу толгой компаний санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан, 3.3 сая ам.долларыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, бусад түнш байгууллагууд санхүүжүүлнэ.

НҮБ-ын энэхүү хамтарсан хөтөлбөр нь Өмнөговьд үүсээд буй эрүүл мэнд, нийгмийн асуудлууд тухайлбал эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуучуудыг чадавхижуулах, халдварт бус өвчин, эрүүл мэндийн салбарын засаглал, удирдлага, гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилготой. Энэ хөтөлбөр нь мөн 2030 онд хүрэх Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Гарын үсэг зурах ёслолын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Китахара “Энэхүү хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, эрүүл мэндийн боловсрол өөр олон зүйлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлсэнээр Өмнөговь аймгийн ЗДТГ 2030 онд хүрэх Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр манлайлж буй загвар аймаг болно” гээд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран дэмжлэг үзүүлэх үйл явцыг санаачилж, дэмжсэн Австарлийн Элчин сайдын яаманд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.

Хамтарсан хөтөрбөрийн хүрээнд дараах 6 гол үр дүнд хүрнэ. Үүнд:

1.     Эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудад зориулсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, чанар сайжирсан байна;

2.     Бэлгийн замаар дамжих халдвар, умайн хүзүүний хорт хавдарын тохиолдол буурсан байна;

3.     Халдварт бус өвчин түүний дотор умайн хүзүүний хорт хавдар, зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэлийг эмчлэх, илрүүлэх явдал сайжирсан байна;

4.     Орон нутгийн түвшинд засаглал бэхжиж, эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээг бий болгож, хүрч үйлчилдэг болсон байна;

5.     Өсвөр үе, залуучууд чадавхижиж, залуучуудын бодлого, шийдвэр гаргах үйл явцад оролцдог болсон байна;

6.     Жендэрт суурилсан хүчирхийлэл/гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах явдал сайжирсан байна.

Өмнөговь аймгийн иргэдийн амьдралыг сайжруулахын тулд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Австралийн элчин сайдын яам олон улсын туршлага, шинэлэг технологийг нэвтрүүлнэ.

Баяр хүргэж үг хэлэхдээ Австралийн элчин сайд Жон Лангтри “НҮБ-ын төрөлжсөн хэд хэдэн байгууллага, Австралийн тусламжийн байгууллага, Оюу толгой дахь Австралийн уул уурхайн ашиг сонирхол бүхий байгууллага, төрийн бус байгууллагууд, Монгол Улсын Засгийн Газар, аймаг, сумын удирдлагууд хамтран Өмнөговь аймгийн эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээг цогцоор нь шийдвэрлэхэд бид оролцож байгаадаа туйлын баяртай байна. Австралийн туршлагад тулгуурлан, Өмнөговийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээнд уялдуулан алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх, бэлгийн эрүүл мэнд, умайн хүзүүний хорт хавдараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тус аймагт тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэхэд бид бүхэн тодорхой хувь нэмэр оруулах боломжтой болов уу хэмээн найдаж байна” гэв.

Ёслолын ажиллагааг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Беате Транкман нэгдсэн хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлэхээр талууд хамтран ажиллаж байгааг сайшаагаад “бидний өмнө томоохон бэрхшээлүүд байсаар байгааг мартаж болохгүй, энэ өдрөөс эхлэн бид нэг баг болон хамтран ажиллахын төлөө шаргуу зүтгэх нь бидний үүрэг” хэмээн цаашид хамтран ажиллахаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг онцоллоо.

Оюу толгой компаний бүс нутгийн хөгжил, нийгмийн харилцаа эрхэлсэн ерөнхий менежер Ш. Байгалмаа “Бидний хамгийн их тулгамдсан асуудлуудын заримыг  шийдэхээр олон байгууллага хамтран ажиллахаар болсон энэхүү нэгдсэн хөтөлбөр бол бид бүхний хүчин чармайлтын үр дүн юм. Өмнөговийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийг эхлүүлж байгаадаа Оюу толгой компани туйлын баяртай байна” гээд “Алслагдсан, эмзэг бүлгийнхэнд түлхүү анхаарахаар болсонд Оюу толгой компани баяртай байна. 2030 онд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, ажиллахыг уриалж буй НҮБ-ын уриалгыг бид дэмжиж байна. Иймд бид “нэг ч хүнийг ардаа орхилгүй” хөгжих хүчин чармайлтад нэгдэж байна” гэж мэдэгдэв.

Түншлэлийн давуу талыг онцолж Китахара нэмж “Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Oюу толгой компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа нь бусдад үлгэр дууриалал болохуйц загвар юм. Монголын олон нийтийн хөгжлийг дэмжиж Оюу толгой компани тууштай ажиллаж байгаад бид баяртай байна” гэв.