2016 оны олон улсын эх баригчдын өдөрт зориулсан илтгээлтНэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Гүйцэтгэх захирал
Др.Бабатундэ Осотимехин
Олны дунд дэмжлэг аван ажиллаж буй сайтар мэргэшсэн эх баригчид жирэмсэн болон төрж буй эхчүүдэд хүнлэг энэрэнгүй хандаж, эелдэг боловсон, соёл уламжлалд нь нийцсэн, нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлог. Аливаа нярай хорвоод мэндэлснээс хойш хамгийн эмзэг байдаг эхний нэг сарын хугацаанд эх барихуйн тусламж үйлчилгээ чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ерөнхийдөө бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд жинтэй хувь нэмэр оруулдаг.
Иймд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эх баригчид чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 25 жилд дэлхий дахинаа эхийн эндэгдэлийг бараг 2 дахин бууруулсан ч жил бүр 300,000 эмэгтэй жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээр амиа алдаж, 3 сая орчим нярай төрсөнөөсөө хойш 4 долоо хоногийн дотор эндэж байна. Урьдчилан сэргийлж болохуйц эдгээр эндэгдэлийн ихэнх нь хөгжиж буй болон хямралд өртсөн орнуудад тохиолдож байна. Улам олон тооны мэргэшсэн эх баригчдыг дайчилсан бол эдгээр эндэгдлийн бараг гуравны хоёроос сэргийлэх боломжтой байлаа. Эх, нярайн эндэгдлийг бууруулах томоохон зорилтдоо хүрэхийн тулд дэлхий дахинаа эх барихуйн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
НҮБ-ын Хүн амын сан 100 гаруй оронд мянга мянган эх баригчдыг дэмжиж, сургахад тусалж байна. Сүүлийн үеийн судалгаа, тооцооноос үзэхэд НҮБ-ын Хүн амын сан өнгөрсөн 7 жилийн хугацаанд эдгээр орнуудын 57-д нь 66,000 эх баригчдыг сургаж бэлтгэжээ. Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үзүүлдэг эдгээр эх баригчид жил бүр 11 сая гаруй эхийг эсэн мэнд амаржихад нь тусалж чадах хэдий ч улам ихийг хийх шаардлагатай байна.
Олон улсын эх баригчдын энэ өдөр НҮБ-ын Хүн амын сангийн хамт олон бид эх барихуйн чадвар, чадавхийг бэхжүүлэхэд дэлхийн түнш байгууллага, улс орнуудтай хамтран ажиллахаа батлан амлаж байна. Эх барихуйн тусламж үйлчилгээ хамгийн их шаардагдлагатай хүнд хэцүү, алслагдсан бүс нутгуудад ажиллаж буй эх баригчдаа сайшаан, урамшуулахыг улс орнуудад уриалж байна. Мөн улс орнууд эх баригчдынхаа сургалтын чанар, ажлын орчинг сайжруулж, боломжийн цалин олгож, ажиллах хүчний зөв зохистой бодлого хэрэгжүүлж, мэргэжлээрээ өсөх боломж олгоход хөрөнгө оруулахыг хүсч байна.
Эх баригчид бол баатрууд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сахин хамгаалагчид. Бүгдээрээ эх баригчид болон тэднээр үйлчлүүлж буй эмэгтэйчүүд, нярай үрсээ дэмжицгээе.