[Image for description purpose only]
ДЭМБ-аас олон улсад онц байдал зарлаад байгаа шинэ коронавирус (COVID-19)-ийн халдварын дэгдэлтэд хариу арга хэмжээ авахаар Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын Хүн амын сан өөрийн түнш байгууллагууд, засгийн газрууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж, байдлыг нарийвчлан хянаж байна.
НҮБ-ын Хүн амын сан нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг халдвар, эрсдлээс сэргийлж, эмнэлгийн тусламж цаг алдалгүй авахад шаардлагатай үнэн зөв мэдээллээр хангахыг зорьж байна.
“Коронавирусийн улмаас айдас, тодорхой бус байдал үүсч байгаа ч, бид бодит баримт, мэдээлэлд тулгуурлан арга хэмжээ авах ёстой” гэж НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх захирал Др. Наталия Канем цохон тэмдэглээд, “Бид эв нэгдэлтэй байж, доромжлол, ялгаварлан гадуурхалтай тэмцэж, хүмүүс ялангуяа жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг шаардлагатай мэдээлэл, үйлчилгээгээр хангах хэрэгтэй” гэж мэдэгдэв.
Тахал гарсан үед нийгмийн эрүүл мэндийн нэг хэсэг болох бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд анхаарах шаардлагатай. Учир нь жирэмсэн эхийн эрүүл мэнд, эсэн мэнд амаржихуй нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанаас шалтгаалдаг.
COVID-19 буюу шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас жирэмсэн эмэгтэйчүүд санаа зовж байж болзошгүй тул НҮБ-ын Хүн амын сан тэдэнд учирч болзошгүй эрсдлийн талаарх зарим нэг баримт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, шинж тэмдэгийн дэмжих эмчилгээг танилцуулж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд COVID-19-ийн халдварт өртөмтгий байгаа тухай шинжлэх ухааны үндэслэлтэй баримт одоогоор алга байна. Гэвч, жирэмсэн эхийн бие махбодид гарч буй өөрчлөлтийн улмаас зарим жирэмсэн эмэгтэйчүүд вирусийн гаралтай амьсгалын замын халдварт өртөмтгий болдог. Иймд, сөрөг үр дагавар бүхий эрсдэл ихтэй, амьсгалын замын өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг нэн түрүүнд эмчлэх шаардлагатай юм.
Насанд хүрсэн хүмүүст зөвлөж буй халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тухайлбал ханиаж, найтааж буй хүмүүсээс хол байх, гараа байнга савандаж угаах, эсвэл спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх, ханиаж найтаалгахдаа ам хамраа ариун цэврийн цаас эсвэл тохойгоороо хаах, мах, өндөгийг сайтар чанаж болгох зөвлөмжийг жирэмсэн эмэгтэйчүүд ч бас дагаж мөрдөх хэрэгтэй. Холбогдох бүх зөвлөгөөг ДЭМБ-ын вэбсайтаас үзнэ үү.
Энэ вирусийг эмчлэх эмчилгээ, урьдчилан сэргийлэх вакцин одоогоор байхгүй ч, шинж тэмдэгүүдийг нь эмчлэх боломжтой. COVID-19-ийн халдвар авсан нь тогтоогдсон эсвэл сэжигтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмчлэхдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай сайтар зөвлөж, насанд хүрэгчдэд зориулан ДЭМБ-аас зөвлөж буй дэмжих эмчилгээг хийх хэрэгтэй.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдсэнээр амьсгалын замын вирус хөхний сүүгээр дамжин халдварласан тохиолдол байхгүй тул хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг хүүхдээс нь тусгаарлах шаардлагагүй. Харин дараах сэрэмжлүүлэх арга хэмжээг авч, эхчүүд хүүхдээ хөхүүлэх боломжтой. Үүнд:
- Вирусийн халдварын шинж тэмдэг илэрч буй эхчүүд хүүхдийнхээ ойр байхдаа /хөхүүлж байхдаа/ маск зүүх, хүүхдээ тэврэх /хөхүүлэх/-ээсээ өмнө болон дараа нь гараа угаах, бохирдсон орчинг цэвэрлэж, халдваргүйжүүлэх,
- Эх нь хүнд өвчтэй, хүүхдээ хөхүүлэх боломжгүй тохиолдолд сүүгээ сааж, цэвэр аяга/ халбагаар хүүхдэдээ өгөх – ингэхдээ маск зүүж, хүүхдээ хооллохоосоо өмнө болон дараа нь гараа угааж, бохирдсон орчинг цэвэрлэж, халдваргүйжүүлэх.
Цар тахалтай тэмцэхдээ халдварт өртсөн хувь хүн, гэр бүл, олон нийт, эрүүл мэндийн ажилтнуудад сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
НҮБ-ын Хүн амын сан халдварт өртсөн хүмүүс, ялангуяа халдварын эсрэг хариу арга хэмжээ авахдаа хамгаалал, эрүүл мэндийн хэрэгцээг нь онцгойлон анхаарах шаардлагатай эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн төлөө ажиллана. Бид бүхэн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй ажилтнуудынхаа хамт дотоод бэлтгэлээ хангахын сацуу, түнш байгууллагууд, засгийн газрууд олон нийттэй хамтран энэхүү тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна.