Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ А/87 тоот тушаалаараа сар бүрийн 17-ны өдрийг Оранж өдөр болгохоор шийдвэрлэсэн байна. Тэрээр УИХ-ын гишүүн Оюунгэрэлийн хамтаар саяхан Жендэрийн элчээр сонгогдсон билээ. Жендэрийн Үндэсний Хорооноос жил бүр Жендэрийн элчээр нэг эрэгтэй, нэг эмэгтэй УИХ-ын гишүүдийг сонгодог уламжлалыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн юм. Үүний өмнө УИХ-ын гишүүн С.Батцогт, Л.Эрдэнэчимэг нар сонгогдон амжилттай ажилласан билээ. Сонгогдсон элчүүд төрийн бодлого, хөтөлбөр, төсөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох чиглэлээр ухуулга нөлөөлөлийн үйл ажиллагааг шийдвэр гаргагчдын дунд явуулдаг төдийгүй жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.
Оранж өдрийг тэмдэглэх санаачлагыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-ын Хүн амын Сангаас 2014 оны 2 дугаар сараас эхлэн өрнүүлсэн бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчирхийллийн эсрэг тэмцэх олон улсын COMMIT санаачлагад нэгдэн гарын үсэг зурах, Оранж өдрийг Парламентийн түвшинд хоёр удаа тэмдэглэх, авьяаслаг залуучууд дуу хоолойгоороо нэгдэн үе тэнгийнхнийгээ хүчирхийллийн эсрэг уриалах санаачлагыг өрнүүлсэн Оранж үйл ажиллагаа, хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аян зэрэг олон үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
Оранж өдрийн түүхээс
2008 онд нээлтээ хийсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдэхийг уриалсан "UNiTE" аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг устгах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, улс төрийн хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
UNiTE аяны эцсийн зорилго нь эмэгтэйчүүд охидын эсрэг хүчирхийлэлгүй дэлхий ертөнцийг бий болгох явдал юм. Энэхүү зорилгыг улс орнуудын засгийн газруудын идэвхтэй, тууштай үйл ажиллагаа, улс төрийн хүсэл эрмэлзлийн үр дүнд л биелүүлнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан UNiTE аян дэлхийн улс орнуудын засгийн газрууд, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн байгууллагууд, эрэгтэйчүүд, залуучууд, хувийн салбар, хэвлэл мэдээлэл, НҮБ-ын байгууллагуудыг бидний оршин байгаа дэлхий ертөнцийн гамшиг болсон энэхүү хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүчжж нэгтгэн тэмцэхийг уриалсан.