2016 оны 12 сарын 1 - Дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр
ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх асуудалд бид цаг хугацаа алджээ. Өдөр бүр 6000 хүн ХДХВ-ийн халдвар авч байхад бид ДОХ-ын тархалтыг эцэс болгоно гэж найдах ч хэрэггүй.
Тус вирусээс урьдчилан сэргийлэх ажлын явц зогсонги байдалд орсон бөгөөд 2010 оноос хойш жилд шинээр халдвар авсан насанд хүрэгчдийн тоо огт өөрчлөгдөөгүй байна.
2016 онд ретровирусын эсрэг эмчилгээнд 18 сая гаруй хүнийг хамруулсан ба сая сая хүний амь насыг аварч, шинэ халдварын эрсдэлийг буруулсан билээ. Гэвч дан ганц эмчилгээгээр бид ХДХВ-ийн тархалтыг зогсоож чадахгүй юм.
Бид юу хийх ёстойгоо мэднэ, бид хийх зүйлээ хэрхэн илүү сайн хийхээ мэднэ. Тиймээс засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хамт олон зан үйлийг өөрчлөх, анагаах ухааны болон бодлогын арга хэмжээнд хөрөнгө оруулалтаа цогцоор нь нэмэгдүүлснээр урьдчилан сэргийлэлтийг үр дүнд хүргэж чадна.
Чанартай, хүний эрхэд суурилсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, тусламж үйлчилгээ мөн бэлгэвчийн хүртээмжтэй байдал үүнд маш чухал нөлөөтэй.
Гэвч урьдчилан сэргийлэлт нь тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлаас илүүг шаардаж байна. Үүнд зорилтот бүлгийн хүн амын дунд ялангуяа өсвөр насны охидын дунд халдварын эрсдэлийг бууруулах ажил заавал багтсан байх хэрэгтэй. Охид маань насанд хүрэлгүй гэрлэхээс хамгаалагдсан, бэлгийн цогц боловсролын сургалтад хамрагдсан, мөн сургуулиа төгсөх боломжоор хангагдсан байвал тэдний ХДХВ-ийн халдвар авах эрсдэл бага байна. Гэтэл хөгшин хүнтэй хүчээр суусан, сургуульд сурдаггүйгээсээ болж ядуу тарчиг, өөрийн бие махбодийн талаар ямарч мэдээлэлгүй охины хувьд байдал эрс ялгаатай. Хэнийг ч орхигдуулдаггүй нийгэм байгуулах нь зарим бүлэг хүмүүсийн айдсыг арилгаж урьдчилан сэргийлэлтэд хамрагдах боломжийг нь бүрдүүлнэ.
Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгаснаар улс орнууд 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоохоор амлалт авсан. Урьдчилан сэргийлэлтэд зохион байгуулалттай, эрчимжүүлсэн анхаарал хандуулснаар сая энэхүү зорилтод хүрэх боложтой.
Дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах энэ өдөр НҮБ-ын Хүн амын сан 2017 онд дэлхийн хэмжээнд бүхий л түншлэл, нөөц бололцоогоо дайчлан халдвараас цогцоор нь урьдчидлан сэргийлэхийг дэмжиж ажиллах болно.