You are here

2016 оны 10 сарын 11 буюу олон улсын охидын өдөрт зориулан НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатундэ Осотимехиний хийсэн мэдэгдэл

“Бидний амьдралыг сайжруулах бодолтой хүн байдаг гэж үү?” хэмээн Энэтхэгийн Одиша мужид амьдардаг Сусмита охин асууж байна.

Сусмита сургуульд огт явж үзээгүй. Тэгээр гэрийнхээ цөөн хэдэн малыг маллаж, гэрийн ажилд тусалдаг. Нутгийнх нь гурван охид тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг тул Сусмита ч бас тэдний жишгийг дагах болов уу. Тэрээр ядаж ганц өдөр ч болов сургуульд явж үзэх юмсан гэж мөрөөддөг.

Охидын хөгжил = Зорилтын ахиц дэвшил: Дэлхийн тоон мэдээ мэдээллийн хөдөлгөөн” сэдвээр зохион байгуулагдаж буй энэ оны олон улсын охидын өдрөөр охидын талаарх тоон мэдээллийг бий болгохыг уриалж байна. Аливаа орчинд амьдарч буй охид бүрийн тухай тоон мэдээ, мэдээллийг цуглуулж, хүртээмжтэй болгох нь цаашид тогтвортой ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Энэхүү тоон мэдээ, мэдээллийг хүртээмжтэй болгосноор бодлого боловсруулагчид, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, залуучуудын удирддаг бүлэг, нийгмийн зүтгэлтнүүд, охид өөрсдөө хүртэл дэлхий дахинаа сая сая охидын амьдралд эерэгээр нөлөөлөх бодлого, санаачлагуудыг боловсруулах боломжтой болно.

Сусмита шиг өсвөр насны охидод хөрөнгө оруулбал тэд сургуульд сурч, ур чадвар эзэмшиж, арай хожуу гэрлэж, илүү эрүүл саруул цөөн хүүхэд төрүүлж, эргээд гэр бүл, хавь ойрын хүмүүстээ зарцуулах орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно. Энэхүү хөрөнгө оруулалтыг дээд зэргийн үр дүнтэй зарцуулж, ахиц, дэвшилийг нь хянахын тулд чанартай тоон мэдээ, мэдээлэлд тулгуурлах хэрэгтэй. Энэ нь бидний хамгийн бага мэдэх, хамгийн алслагдсан, эмзэг бүлгийн охидын хэрэгцээг тодорхойлж, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Нас, хүйсээр ангилсан тоон мэдээ, мэдээллийг одоогоор 50 хүрэхгүй орон гаргаж байна. Ядуурал, ойр дотно хамтран амьдрагчийн хүчирхийлэл, өсвөр үе ялангуяа 10-14 насныханы жирэмслэлт, төрөлтийн хүндрэлээс үүдэлтэй нас баралт зэрэг олон асуудлаар тоон мэдээ, мэдээлэл хомс байна. Үүний улмаас олон охидод тулгарч буй бэрхшээлүүд шийдэгдэхгүй орхигдож, нийгмийн энэхүү үнэ цэнэтэй хүн амын хэсэг удаа дараа нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхээр хамтран ажиллахдаа бид хамтын амжилт маань Сусмитагийн асуултад хэрхэн хариулахаас шууд хамаарна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Охид бүр эсэн мэнд, амжилттай өсч торнин, насанд хүрч, амьдралаа босгох боломжоор хангагдах эрхтэй. Өсвөр насны охидыг хөгжүүлж, эрхийг нь хамгаалж, хангах хамгийн чухал хэрэгсэлүүдийн нэг болох тоон мэдээ, мэдээллийг одоо бүрэн дүүрэн ашиглах цаг болоод байна.

Энэ сарын сүүлээр НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулах энэ оны Дэлхийн хүн амын байдал тайлан өсвөр насны охидод өнөөдөр үзүүлсэн дэмжлэг маргаашийн сайн сайхныг цогцлооход хэрхэн нөлөөлөхийг судалж тодорхойлов.

НҮБ-ын Хүн амын сангийн хамт олон бид өсвөр насны охидыг нөөц бололцоогоо бүрэн дайчилж, ирээдүйгээ тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж, охид бүрийн төлөө ажилладаг.