Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатундэ Осотимехиний гаргасан мэдэгдэл
2016 оны 11 сарын 25
2016 он болчихоод байхад дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодь, бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Хүчирхийлэл үйлдэгчдийн ихэнх нь тэдний таньдаг хүмүүс байна. Мөн өөр бусад хэлбэрийн хүчирхийлэл, хор хөнөөл бүхий дадалд хэдэн сая охид, эмэгтэйчүүд өртөж байна. Тухайлбал, эм бэлэг эрхтэнг эрэмдэглэх явдалд 200 сая охид, эмэгтэйчүүд өртөж байна. Хөгжиж буй орнуудад гурван охин тутмын нэг нь 18 нас хүрэхээсээ өмнө богтлогдон гэрлэж байна.
Хүчирхийллийн улмаас насан туршдаа тахир дутуу болох, удаан хугацаагаар сэтгэл санааны дарамтанд шаналах, хүсээгүй хэрнээ жирэмслэх, хүчээр үр хөндүүлэх эсвэл эмнэлгийн бус нөхцөлд үр хөндүүлж, хүндрэх зэргээр эрүүлийн мэндийн хувьд ихээхэн хохирдог. Хүчирхийлэлд өртөж, айж, эмээсэндээ охид эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, эрүүл саруул, сайн сайхан амьдрах эрхээ эдэлж чаддаггүй.
Хүчирхийлэл, хор хөнөөл бүхий дадлаас охид, эмэгтэйчүүдийг хамгаалах нь ёс суртахуун, хүний эрхийн салшгүй нэг хэсэг төдийгүй, улс үндэстний нийгэм, эдийн засгийн ахиц дэвшилд чухал ач холбогдолтой. 2030 онд хүрэхээр тодорхойлсон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд нь хэнийг ч орхилгүй, бүхнийг хамруулан тэгш өсч хөгжих зорилготой. Гэвч өдөр бүр хэдэн сая охид, эмэгтэйчүүд хүчирхийллийн улмаас ард хоцорч, нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадахгүй байгаа нь хөгжлийн зорилтуудад хүрэхэд саад учруулж байна.
Жендэрийн тэгш бус байдал нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хор хөнөөл бүхий дадлыг өөгшүүлж байна. Иймд охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн хангаж, хувь хүн, гэр бүл, олон нийт, улс орнуудыг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд жендэрийн тэгш байдлыг хангах нь чухал юм.
НҮБ-ын Хүн амын сан дэлхий дахинаа ихэвчлэн зөрчил сөргөлдөөн, байгалийн гамшигт өртөж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эрсдэл ихэссэн орнуудад жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ажилладаг. Зөвхөн өнгөрсөн жилд НҮБ-ын Хүн амын сан хөгжиж буй болоод хүмүүнлэгийн хямралд өртсөн орнуудад жендэрт суурилсан хүчирхийлэл, хор хөнөөл бүхий дадлаас урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авахад 93 сая гаруй ам.доллар зарцуулсан байна.
Харамсалтай нь нийгэмд охид, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдал түгээмэл, амь бөхтэй оршсоор байна. Энэ бол нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгарч буй томоохон бэрхшээлүүдийн нэг юм. Шийдвэрлэх шаардлагатай асуудал маш их байна. Иймд НҮБ-ын Хүн амын сангийн хамт олон бид охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө чадах бүхнээ хийхээ амлахын сацуу хамтран ажиллагч бүх түнш байгууллагуудаа бидэнтэй хүчээ нэгтгэхийг уриалж байна!