НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатунде Осотимехин
2015 оны 5 сарын 5-ны өдөр
Олон улсын эх баригчдын энэ өдөр бид дэлхий дахинаа эх баригчидтай эв санаагаа нэгтгэн, бусдын амь насыг аврах үйлсэд хүчин зүтгэдэгт нь талархаж байна.
Йордан дахь Сирийн дүрвэгсэдийн Заатари хуарангийн эмэгтэйчүүдийн эмнэлэг 3000 дахь хүүхэд болох Обадаг эсэн мэнд эх барьж авсан нь тэдний тусламж үйлчилгээ, нөр их хичээл зүтгэлийн үр дүн юм. Тус эмнэлэг 2013 оны 6 дугаар сараас эх барихын тусламж үзүүлж эхэлсэнээс хойш хүүхэд бүр эсэн мэнд төрж, эх, нярайн ганц ч эндэгдэл гараагүй байна.
Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх хугацаа ойртож буй энэ үед эхийн эрүүл мэндийг сайжруулах 5 дахь зорилтыг хэрэгжүүлэхэд гаргасан ахиц дэвшилээрээ бид бахархаж байна. 1990 онд 523 000 байсан эхийн эндэгдэл, эцсийн үзүүлэлтээр 289 000 болж, бараг 50 хувиар буураад байгаа юм.
Энэхүү ахиц дэвшил нь сайшаалтай хэдий ч, хангалттай бус. Учир нь өнөөдөр өдөр бүр бараг 800 эмэгтэй жирэмсний болон төрөлтийн хүндрэлийн улмаас амиа алдаж байна
Бид илүү ихийг хийх ёстой. Илүү олон эх баригчдыг бэлтгэж, хангах ёстой.
Сургаж, бэлтгэгдэн, олон улсын стандартын дагуу ажилладаг эх баригчид эх, нярайд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламжийн 87 хувийг үзүүлдэг болох нь баримтаар нотлогдсон.
Эх баригчдын тоог нэмэгдүүлж, тэдний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зориулсан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг өнөөдөр бид уриалж байна. Жил бүр хэдэн сая хүний амийг аврахын тулд бодлогын түвшинд тууштай дэмжиж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх, нярайн эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг бид өнөөдөр, өдөр бүр шийдвэрлэх хэрэгтэй. Эх баригчдын өнөөгийн байдал 2014 тайланд эдгээр бэрхшээлүүдийг баримтжуулж, цаашид хийх алхамуудыг тодорхойлсон билээ.
Баруун Африкт эбола тархан, жирэмсэн эмэгтэйчүүд эсэн мэнд амаржих эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад амаргүй болсон нь цаашид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудыг хангалттай тоогоор бэлтгэх шаардлагатайг илтгэв. Иймд НҮБ-ын Хүн амын сан эбола тархсан орнуудад эрүүл мэндийн уян хатан тогтолцоог дэмжиж, эх барихын тусламж үйлчилгээг өргөтгөж байна.
НҮБ-ын Хүн амын сан эх барих, бэлгийн болон нөхөн эрүүл мэнд, бүх эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангахад үргэлжүүлэн дэмжлэг үзүүлэх болно. Өнөөдөр, НҮБ-ийн Хүн амын сан эх барихын 250 гаруй сургуулийг ном, сургалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн багш нараар хангаж, дэлхий дахинаа 15000 гаруй эх баригчийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлээд байна.
НҮБ-ын Хүн амын сан дэлхийн 70 гаруй оронд эх барихын салбарыг дэмжиж, Афганистан, Буркина Фасо, Сомали болон Замбид эх барихын чиглэлээр бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
Өнгөрсөн 4 жилд 35 гаруй улс эх барихын салбараа үндэсний түвшинд бэхжүүлэхээ амлав. Тухайлбал, Этиоп улс эх баригчдын тоог 2050-аас 8635-д хүргэж, 4 дахин нэмэгдүүлэхээ амлаж, энэ зорилтоо хугацаанаас нь өмнө биелүүлэх гэж байна. Бангладеш улс 3000 эх баригч бэлтгэхээ амлаж, 2000 хүн 31 сургалтын төвд эх барихын сургалтанд хамрагдаж эхлээд байна. Гайти улс 2010 оны газар хөдлөлтийн дараа эх барихын сургууль барьж, эхний төгсөгчдийг нь өнгөрсөн онд орон нутагт хуваарилжээ. Афганистанд иргэдийг эх барих чадвартай болгосноор 2002 оноос хойш эхийн эндэгдэл 80 гаруй хувиар буурсан байна.
Энэ жил 2015 оноос хойш хэрэгжүүлэх олон улсын хөгжлийн зорилтуудыг боловсруулахдаа бид төрөлт бүрийг эсэн мэнд байлгаж, төрөлт хоорондын зохистой зайг хангаж, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрхийг хамгаалахынтөлөө эх баригчид үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэхүйц ирээдүйг цогцлоохыг хүсч байна.
Энэ жил төдийгүй цаашид НҮБ-ын Хүн амын сангийн хамт олон бид өнөө, хойч үеийнхэндээ эрүүл саруул ирээдүйг бэлэглэхийн төлөө дэлхий дахинаа эх баригчдыг дэмжсээр байх болно.