You are here

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Содномжамц, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эмнэлгүүдийн дарга нар, ЭХЭМҮТ, амаржих газруудын төлөөлөл, мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, хатагтай, ноёд оо:

Монгол дахь НҮБХАС, ЭМЯ-тай хамтран Нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байгаадаа баяртай байна. Бэлгийн болон НҮЭМ түүний дотор эхийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуучуудад ээлтэй үйлчилгээтэй холбоотой тулгамдсан асуудлууд болон өөр бусад асуудлуудыг хэлэлцэх албан ёсны механизм болох энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаад би баяртай байна.

Монгол улс бол эхийн эрүүл мэндийн талаарх Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд хүрч чадсан 9-хөн орны нэг юм. Гэвч 2016 онд эхийн эндэгдлийн түвшин өмнөх онтой харьцуулахад 2 дахин өссөн нь Монголын эрүүл мэндийн тогтолцоо хэврэг эмзэг байгааг илтгэж байна. Үүнээс улбаалан хүрсэн амжилтаа тогтвортой хадгалж, цаашид эхийн эндэгдлийг урт хугацаанд бууруулахын тулд бид ямар стратегиар ажиллах хэрэгтэй вэ гэсэн асуулт урган гарч байна.

Олон улсын баримт нотолгоонд тулгуурлан НҮБХАС дараах стратегиудыг санал болгож байна. Үүнд:

·      1-рт, эх барихын болон нярайн яаралтай тусламжийг цогцоор нь үзүүлэх хэрэгтэй;

·      2-рт, гэр бүл төлөвлөлтийг хүртээмжтэй болгоход анхаарах хэрэгтэй;  

·      Эцэст нь, бэлгийн болон НҮЭМ ба эрхийн чиглэлээр залуучуудад хөрөнгө оруулах шаардлагатай.

2013 онд хийсэн нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнг 2016 оныхтой

харьцуулахад аймгийн түвшинд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 15 хувь байснаа 21 хувь, УБ хотод 17 хувь байснаа 27 хувь болж өссөн байна. Тухайлбал, Хөвсгөл аймагт 20-24 насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 31 хувь байна. Энэ нь хосууд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл авч хэрэглэх хүсэлтэй ч, хэрэглэж чадахгүй байгааг илтгэж байна.

Хоёр 7 хоногийн өмнө би Архангай аймагт айлчилж байхдаа тус аймагт эхийн эрүүл мэндийн үйлчилгээ гайхалтай сайжирсан байгааг хараад баярлаж байлаа. Гэвч 2017 онд тус аймгийн 5000 хүн амтай суманд жирэмслэлтээс сэргийлэх тарилгын ердөө 15-хан тунг хуваарилсан гэж сонссон. Энэ бол ердөө 4-6 эмэгтэйн ганц жилийн хэрэглээ юм. Тэгэхээр жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн эм хэрэгслийг худалдан авах чадваргүй алслагдсан, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийг хэрхэн хүртээмжтэй болгох вэ? Нэг ч хүнийг ардаа орхилгүй, энэ чухал үйлчилгээг хэрхэн бүх нийтэд хүртээмжтэй болгох вэ? Бидний тооцоолсоноор улс орон даяар жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл маш их хомсдолтой, нийт хэрэгцээний багахан хувь л одоогоор хангагдаж байна.

Гэр бүл төлөвлөлт бол эхийн эндэгдлийг бууруулах үндэс суурь гэж НҮБХАС-ын хамт олон бид үздэг. Вакцин нь хүүхдүүдийг нас барахаас урьдчилан сэргийлдэг бол, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл нь эмэгтэйчүүдийг нас барахаас урьдчилан сэргийлдэг. Эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндээ хянаж байгаа цагт төлөвлөөгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлт, эрсдэл ихтэй жирэмслэлтээс зайлсхийх боломжтой.

НҮБХАС-аас сая Нийгмийн салбарын төсөвт хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн арга хэрэгсэлийн хангалтад зарцуулсан хөрөнгө оруулалтын 1000 төгрөг тутамд жирэмслэлттэй холбоотой тусламж үйлчилгээний зардлыг 3200 төгрөгөөр хэмнэх боломжтой. Энэ нь үндэсний түвшинд жирэмслэлтээс сэргийлэх орчин үеийн эм хэрэгсэлээр тасралтгүй хангахад хүрэлцэхүйц төсөв хөрөнгө хуваарилсан тохиолдолд жил бүр сая сая доллар хэмнэх боломжтой гэсэн үг юм.

Мөн Монгол улсад анх удаа хийсэн жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны “Хүчирхийллийн нүцгэн үнэн” нэртэй тайланг  өнгөрсөн 7 хоногт НҮБХАС, ҮСХ хамтран танилцууллаа. Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл цочирдохуйц өргөн тархсан байгаа нь илрээд зогсохгүй охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь тэдний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд сөрөгөөр нөлөөлж байгаа нь тогтоогдлоо. Олон тохиолдолд иймэрхүү хүчирхийлэл нь эхчүүдийг нас барахад хүргэсэн байна. Иймд Монгол улсын хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахдаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хамтад нь авч үзэхийг өнөөдөр энд хуран цугласан та бүхнээс хүсье.

ЭМЯ 2018 онд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд зориулж 350 сая төгрөг хуваарилахад манлайлж ажилласанд баяр хүргээд, НҮБХАС уг мөнгөний үнэ цэнийг алдагдуулалгүй, худалдан авалтын үйл явцад туслахдаа баяртай байх болно. Цаашид гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг бүрэн хангаж, хүчирхийлэлд өртөгсдөд дэмжлэг үзүүлэхийн тулд Засгийн газраас нэмэлт хөрөнгө хуваарилахыг уриалж байна. Орон нутгийн засаг захиргаа ч мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд шаардлагатай тусламж, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд зориулж илүү их хөрөнгө оруулахыг уриалж байна.

Та бүхнийг үр дүнтэй зөвлөлдөхийг хүсэн ерөөе.

Баярлалаа