COVID 19 бидний амьдрал, дэлхий ёртөнцөд бүхэлд нь нөлөөлж байна. Иймд НҮБ-ын Хүн амын сан энэ хүнд цаг үед эрүүл мэндийн ажилтануудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Цар тахлын улмаас ажиглалтанд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлж хамтдаа тусгаарлагдсан эрүүл мэндийн ажилтануудыг дэмжих үүднээс НҮБ-ын Хүн амын сан олон улсад “Нэр төрийн багц” хэмээн нэрлэгддэг Эрүүл ахуй, ариун цэврийн 365 ширхэг багцыг ЭМЯ-д хүлээлгэн өгч байна. Энэхүү багцад наад захын эрүүл ахуй, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд багтсан байгаа.
НҮБ-ын Хүн амын сан үүнтэй төстэй багцийг гамшиг, мөргөлдөөн, бусад онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүд, хүн амын нэр төр, эрүүл мэндийг дэмжих үүднээс Хүмүүнлэгийн туслалцааны хүрээнд олгодог бөгөөд, нийтдээ 210 сая төгрөгийн өртөг бүхий 2,800 багцыг олгохоор хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байна.
Энэ арга хэмжээ нь НҮБ-ын Хүн амын сангийн COVID-19-ийн халдвартай тэмцэхэд Монгол улсыг дэмжиж байгаа хувь нэмрийн багахан хэсэг юм. НҮБ-ын Хүн амын сан өнөөгийн байдлаар нийтдээ 2 тэрбум төгрөг буюу 700,000 мянган ам долларын санхүүжилт дайчлаад байгаа бөгөөд үүний 70 гаруй хувь нь Эрүүл мэндийн салбарыг дэмжсэн арга хэмжээ, нэн ялангуяа НҮБ-ын ХАС-ын үндсэн үүрэг болох охид эмэгтэйчүүдийн нэр төр, эрхэмсэг байдлыг дэмжих, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтвортой бөгөөд бэлэн байдлыг хангахад зарцуулагдах болно.
Та болон таны хайртай хүмүүс аюулаас ангид, эрүүл энх байх болтугай!