Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн амын сан үерт нэрвэгдсэн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэв

НҮБ-ын Хүн амын сан үерт нэрвэгдсэн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэв

Press Release

НҮБ-ын Хүн амын сан үерт нэрвэгдсэн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэв

calendar_today 15 August 2023

НҮБ-ын Хүн амын сан үерт нэрвэгдсэн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэв
НҮБ-ын Хүн амын сан үерт нэрвэгдсэн охид, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэв

Улаанбаатар, 2023 оны 8-р сарын 15 - НҮБ-ын Хүн амын сангаас 7-р сараас хойш үерийн гамшигт нэрвэгдсэн охид эмэгтэйчүүд 200 ширхэг ариун цэврийн багц, утасны нэгж хандивлан тусламж үзүүллээ.

2023 оны 8-р сарын 5-нд Улаанбаатарт дахин их хэмжээний бороо орсны улмаас  БЗД-ийн 21, 27, 29-р хорооны газар нутагт 41.4 га талбай үерт автсан.

Үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 13 хүн гэмтэж бэртэж, 554 айлын орон сууц, 25 хувийн хэвшил, 105 автомашин усанд автсан байна.  Түүнчлэн нийт 1310 иргэд өртсөний 577 хүүхэд, 709 насанд хүрэгчид, 24 хөгжлийн бэрхшээлтэй иргэд  байсан бөгөөд үүнээс  103 хүн (22 өрх) орон гэргүй болжээ.

Энэ сарын 8-ны байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 1430 хүн өртсөнөөс өндөр настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27, хүүхэд 609 байна буюу нийт өртсөн өрхийн тоо 360 байна.

НҮБ-ын Хүн амын сангаас Улаанбаатар хотод энэ гамшигт өртөж болзошгүй нөхөн үржихүйн насны болон жирэмсэн эмэгтэйчүүд, өсвөр насны охидын тоог тооцоолохдоо бэлгийн болон нөхөн үржихүйн анхан шатны үйлчилгээний багц (MISP) тооцоологчийг ашигласан бөгөөд Баянзүрх дүүргийн үерт өртсөн 1430 иргэдээс нөхөн үржихүйн насны 372 эмэгтэй, 10-19 насны өсвөр насны охид 100, жирэмсэн эмэгтэй 23 байна.

Тог тасарсантай холбогдуулан орон гэр, ус түгээх, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийн байгууламжууд эвдэрч сүйдсэнээс охид, эмэгтэйчүүдэд тохиолдож болзошгүй эрсдэл нэмэгдэх хандлагатай байна. Tүр хамгаалах байранд байрлаж буй охид, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал эмзэг, нөөц бололцоо хомс байгаа нь түүнийг даван туулах сөрөг механизм, бэлгийн мөлжлөг, хүчирхийллийг нэмэгдэхэд хүргэж болзошгүй юм.

Утасны шугам, интернэт холболт зэрэг харилцааны сувгууд бүрэн ажиллахгүй байгаа нь тусламжийн утсаар дамжуулан алсаас үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн хүмүүнлэгийн тусламжийн салшгүй хэсэг болох 200 охид эмэгтэйчүүдийн ариун цэврийн багц тараасан нь гамшигт өртсөн эмэгтэйчүүд, охидын сайн сайхныг хангахад чиглэсэн тусламж юм. Эдгээр багцад зайлшгүй шаардлагатай ариун цэвэр эрүүл мэндийн хэрэгслүүд багтсан бөгөөд гамшгийн үед охид эмэгтэйчүүд эрүүл мэнд, сайн сайхан байдлаа хангахад ихээхэн хувь нэмэр оруулдаг.

НҮБ-ын Хүн амын сан БЗД-ийн гамшигт хамгийн их өртсөн хорооны охид, эмэгтэйчүүдэд тус багцыг тараахад Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаа.

Улаан загалмайн нийгэмлэгийн Баянзүрх дүүргийн салбарын арга зүйч Соёлоо "Түр хамгаалах байранд байрлаж буй иргэдийн дийлэнх нь охид , эмэгтэйчүүд байдаг. Тийм учраас aриун цэврийн болон эрүүл ахуйн бүтээгдэхүүн маш их хэрэгцээтэй байгаа тул энэхүү дэмжлэг нь онц ач холбогдолтой. Үерийн гамшигт нэрвэгдэх үед өмссөн хувцаснаас өөр зүйлгүй үлдсэн эмэгтэйчүүд, охид ариун цэврийн хэрэгсэл байна уу гэж ирэх тохиолдол ч байдаг"гэдгийг дурьдав.

Мөн НҮБ-ын Хүн амын сан нь гамшгийн үед яаралтай тусламжийн ажилтнууд үүргээ гүйцэтгэхэд нэмэр болгох үүднээс утас цэнэглэх картуудыг яаралтай тусламжийн ажилтнуудын хооронд тасралтгүй харилцаа холбоог дэмжих зорилгоор олголоо.

НҮБ-ын Хүн амын сан энэхүү онцгой байдлын үед Улаанбаатар хотын иргэдийг дэмжихээ илэрхийлж, нөлөөлөлд өртсөн иргэдийн хүмүүнлэгийн хэрэгцээг хангах, ялангуяа эмэгтэйчүүд, охидын сайн сайхан байдлыг хангах, тэднийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат шатны удирдлагууд, түншүүд, байгууллагуудтай хамтран ажиллаж байна.