УЛААНБААТАР ХОТ, Монгол улс – Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ийн тоо, мэдээллээр 2017 онд 1,120 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс 936 нь гэмтэж, 9 нь амь насаа алдсан ба нийт хохирогчдын 92,8% нь эмэгтэйчүүд байв.
Гэвч энэ тоон мэдээ, мэдээллийн цар хүрээ хязгаарлагдмал учраас нөхцөл байдлыг бүхэлд нь харах боломжгүй юм. Тоон мэдээ, мэдээллийг сайжруулахын тулд Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэйгээр НҮБ-ын Хүн амын сан Цагдаагийн ерөнхий газар eGBV буюу жендэрт суурилсан хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн санг нээлээ.
eGBV мэдээллийн сан нь гэр бүлийн хүчирхийллийн статистик тоон мэдээ, мэдээллийг сайжруулах, хүчирхийлэл үйлдэгчийг таниж, тогтоох явдлыг хялбаршуулах зорилготой бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг гаргаж, хүчирхийлэл үйлдэгчдэд үйлдсэн хэргийнх нь хариуцлагыг хүлээлгэнэ.
eGBV мэдээллийн сан нь:
· Яаралтай тусламжийн 102 дугаарын утас;
· Вэб сайтад суурилсан бүртгэлийн систем;
· Цагдаагийн хамгаалах байран дахь дотоод мэдээллийн систем гэсэн 3 гол эх үүсвэрээс мэдээллээ авна.
“Энэхүү мэдээллийн сан нь Цагдаагийн ерөнхий газарт төвлөрч, бүх аймгийн цагдаагийн газруудыг хооронд нь холбож, тэднээс тоон мэдээ, мэдээлэл цуглуулна” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлээд “энэ системд хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг бүх хамгаалах байр, нэг дороос цэгийн үйлчилгээний төвүүд холбогдсон бөгөөд 2018 онд Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тоон мэдээ, мэдээллийг eGBV мэдээллийн санд нэгтгэхээр төлөвлөөд байна” гэж онцлов.
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь сэтгэл зүй, нийгэм, эрүүл мэнд, хамгааллын шаардлагатай бүх үйлчилгээг үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2017 онд хүчирхийлэлд өртсөн 2,077 хүнд үйлчилж, хамтарсан багууд хүчирхийллийн 207 тохиолдлыг шийдвэрлэсэн байна.
eGBV мэдээллийн сантай болсоноор ЦЕГ жендэрт суурилсан хүчирхийллийн бүртгэгдсэн тохиолдлуудад сайтар дүн шинжилгээ хийж, Үндэсний статистикийн хорооны хийсэн Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны дүнтэй мэдээллээ тулгаж, тус улсад хэр олон хүчирхийллийн тохиолдол бүртгэгдээгүй үлдсэнийг тодорхойлох боломжтой болно. eGBV мэдээллийн санд мөн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийг хадгалах бөгөөд бодлого боловсруулахад шаардагдах баримт мэдээллүүдийг гаргана.
***
Дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын Хүн амын сангийн Түншлэл, мэдээлэл харилцааны ажилтан Тим Женкинстэй дараах хаягаар холбогдож авна уу. Утас: (976) 8011 0366, И-мэйл: jenkins@unfpa.org.
НҮБ-ын Хүн амын сан бол жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Вэб сайт: www.mongolia.unfpa.org