Улаанбаатар хот –Хүчирхийлэлд өртөгсдөд цогц үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний хоёр төвийг НҮБ-ын Хүн амын сан Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Баян-Өлгий, Хөвсгөл аймгуудад шинээр нээлээ.
Төвийг нээх ёслолын ажиллагаа 10 сарын 26-нд Хөвсгөл аймагт, 10 сарын 29-нд Баян-Өлгий аймагт болж, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хорогдох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээгээр хангана. Энэ хоёр төвийг шинээр байгуулсанаар нэг цэгийн үйлчилгээний нийт 8 төв Монголд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдийн 3 нь Улаанбаатар хотод, харин Баянхонгор, Говь-Алтай, Завхайн аймаг тус бүрт нэг нэг төв ажиллаж байна.
Нэг цэгийн үйлчилгээний төв тус бүрт НҮБ-ын Хүн амын сангаас 10 сая төгрөгийг байрны засвар, 71.4 сая төгрөгийг тавилга, тоног төхөөрөмж бусад шаардлагатай зүйлсийн худалдан авалтад зориулж хөрөнгө оруулав. Цаашид нэг цэгийн үйлчилгээний эдгээр төвүүдийг ажиллуулахад нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Баян-Өлгий аймаг 2018 оны аймгийн төсвөөс 100 сая төгрөг хуваарилж, нэг цэгийн үйлчилгээний төвийн 2 давхар барилга барьсан бол Хөвсгөл аймгийн удирдлагууд орон нутгийн төсвөөс 26 сая төгрөг зарцуулж, нэг цэгийн үйлчилгээний төвийн зориулалтаар байрыг засварласан байна. Энэ хоёр аймгийн удирдлага ийнхүү идэвхи санаачилгатай ажиллаж, иргэдээ хамгаалахын төлөө тууштай зүтгэж, хүчирхийллээс ангид нийгмийг аймагтаа цогцлооход хувь нэмэр оруулж байна. Эдгээр төвүүд нь хүчирхийлэлд өртөгсөд тэдний үр хүүхдүүдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлж, аюулгүй хорогдох байраар хангана.
НҮБ-ын Хүн амын сан нэг цэгийн үйлчилгээний төвийг жендэрт суурилсан хүчирхийллийн тархалт ихтэй аймгуудад түрүүлж байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн тохиолдлын хувь хэмжээгээр Баян-Өлгий аймаг (40.5%) улсад 2-рт орсон бол Хөвсгөл аймаг (33.5%) 10-рт эрэмбэлэгдсэн байна. Хөвсгөл аймаг нь мөн хүчирхийллийн тархалт ихтэй Өвөрхангай (хүчирхийллийн тархалтаар улсад 1-рт эрэмбэлэгдсэн) болон Архангай (хүчирхийллийн тархалтаар 8-рт эрэмбэлэгдсэн) аймгуудад ойр оршдог юм. Мөн Баян-Өлгий аймагт эмэгтэйчүүдийн 53,7%, Хөвсгөлд 53,7% нь хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэлд амьралдаа өртсөн байна. Хүчирхийллийн тархалт ихтэй Дархан-Уул аймаг, Хан-Уул дүүрэгт НҮБ-ын Хүн амын сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр 2018 оны 4-р улиралд нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг шинээр байгуулах бөгөөд 2019 онд өөр бусад аймгуудад нэмж байгуулахаар төлөвлөж байна.
"Гэр бүлийн хүчирхийллээс зайлсхийхэд шаардлагатай хөрөнгө нөөцийн хүртээмж ялангуяа хөдөө орон нутагт бэрхшээлтэй хэвээр байгаа”-г НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод, хүчирхийлэлд өртсөн иргэд тусламж үйлчилгээ авахын тулд тал тал тийшээ явж, өөртөө түвэг удалгүй бүх үйлчилгээг нэг дороос авах Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг аймгуудад байгуулахад бидэнд дэмжлэг үзүүлсэн хамтран ажиллагч түнш байгууллагууд болон бусад холбогдох газруудад талархаж байгаагаа илэрхийллээ.
Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээр салбарууд нэгдэн (1) илүү оновчтой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоон мэдээ, мэдээлэл цуглуулах явдлыг албажуулж; (2) жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийт, холбогдох албан тушаалтнуудын мэдлэгийг нэмэгдүүлж; (3) жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг салбарууд хамтран хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээний төв бол энэхүү өргөн хүрээний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм.
Энэ санаачилгыг НҮБ-ын Хүн амын сан Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна.
---
НҮБ-ын Хүн амын сан бол жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Вэб сайт: www.mongolia.unfpa.org
Дэлгэрэнгүй мэдээллийг Кай Жименезтэй jimenez@unfpa.org хаягаар харьцаж авна уу.