НҮБ-ын Хүн амын сан болон Монгол улсын Хүний эрхийн комисс түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав
2017 оны 09 сарын 15-ны Баасан гариг, 10 цаг
УЛААНБААТАР ХОТ – Хүний эрхийн чиглэлээр өгсөн зөвлөмжүүд, гэрээ конвенцийн хэрэгжилтийн талаарх сүүлийн үеийн мэдээ баримтаас үзвэл Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар хүлээн авсан зөвлөмжийнхөө 14 хувьд арга хэмжээ авчээ.
Хүний эрхийг хамгаалж, дэмжих нь Монгол улс, Монголын ард түмнийг тэгш хөгжихөд зайлшгүй чухал тул Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (НҮБХАС), Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) хамтран ажиллах түншлэлийн гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Монгол Улс эмэгтэйчүүдийн эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах хууль, бодлогыг бий болгоход ихээхэн дэвшил гаргасан ч эдгээр хууль, бодлогыг хэрэгжүүлж, сахин мөрдүүлэх явдал тогтвортой бус байгааг онцлов.
Энэ хоёр байгууллагын хамтын ажиллагаа бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход онцгой анхаарч, хүний эрхийн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, үндэсний хамгаалах тогтолцоон дахь хариуцлагын механизмыг бэхжүүлэхэд чиглэх юм.
Тус улсад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах нөхцөл байдлыг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, үр ашигтай хариу арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой энэхүү түншлэлийн гэрээ нь Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах тухай конвенцээр хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд үндэсний хамгаалах тогтолцоонд дэмжлэг үзүүлнэ.
Хатагтай Китахара “Хүний эрх бүх хүнд чухал. Эрэгтэй, эмэгтэй, гэрлэсэн, гэрлээгүй, нас, нийгмийн анги давхарга, гарал үүслээс үл хамааран хүн бүрийн хүний эрхийг хамгаалж, хүндэтгэн, хэрэгжүүлэх ёстой” гэв.
Хоёр байгууллага НҮБХАС-аас 2017-2021 онд Монгол улсад дэмжлэг үзүүлэх 6 дахь хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллана.