2021 оны 3-р сарын 8
Дэлхий даяар эмэгтэйчүүд манлайлж байна. Тэд энх тайвны үйл явцыг удирдаж, бизнес эрхэлж, эмнэлэг, сургууль байгуулж байна. Тэд улс орны ерөнхийлөгч, корпорац-ийн удирдах зөвлөлд ажиллаж байна. Тэд гэр бүл, хамт олныхоо төлөө санаа тавихын зэрэгцээ олон улсын болон анхан шатны байгууллагууд, итгэл үнэмшилд суурилсан бүлгүүд, спортын багууд, хөдөлмөрийн болон байгаль орчны хөдөлгөөнийг удирдаж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр бид бүх эмэгтэйчүүдийг, ялангуяа эрх тэгш байдлын төлөөх тэмцлийг манлайлж буй эмэгтэйчүүдэд баяр хүргэн, тэмдэглэдэг билээ. Манлайлан удирдахыг мөрөөддөг эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг би үүнийгээ хэрэгжүүлээрэй гэж уриалж байна. Хүлээх хэрэггүй. Энэ бол таны эрх бөгөөд яг одоо дэлхий ертөнцөд чи хэзээ хэзээнээс илүү их хэрэгтэй байна.
Одоогийн байдлаар аль ч улс орон удирдлагын түвшинд жендэрийн бүрэн тэгш байдлыг хангаж чадаагүй байна. Гэхдээ бид тэнд хүрч чадна, эмэгтэйчүүд бид хамтдаа ертөнцийг илүү сайн сайхан болгож өөрчлөх болно гэдэгт би итгэдэг. Жендэрийн тэгш байдал хангагдсан газарт нийгэм илүү цэцэглэн хөгждөг. Энх тайван нь илүү бат бөх байдаг. Нийгэм ашиг тусaa хүртдэг.
Гэсэн хэдий ч олон саад бэрхшээл эмэгтэйчүүдийг манлайлах түвшинд хүрэх замд байсаар байна. Хамгийн чухал нэг асуудал бол бие мах бодийн бие даасан байдал дутагдалтай байгаа явдал. Олон эмэгтэйчүүд бие махбодынхоо талаар, тухайлбал, бэлгийн харьцаанд орох эсэх, жирэмслэхээс хамгаалах эм хэрэглэх эсэх, эсвэл эрүүл мэндийн үйлчилгээ авах сонголтоо хийх зэрэг чухал асуудлуудаар шийдвэр гаргаж чадахгүй байна.
Ямар ч эмэгтэй хүний эдгээр сонголтуудыг хийх эрхийг хязгаарлах учиргүй. Гэсэн хэдий ч COVID-19-ийн цар тахал гарснаас хойших нэг жилийн хугацаанд, эмэгтэйчүүдийн өөрийн бие мах бодийн бие даасан байдлыг хангах эрхээ эдлэхэд саад болж буй бэрхшээл, хямрал хэрхэн нэмэгдэж болохыг бид харж байна: дэлхийн өнцөг булан бүрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ хаагдаж, хязгаарлагдаж, жендэрт суурилсан хүчирхийлэл эрс нэмэгдлээ.
Бие махбодийнхоо бие даасан байдлаа хангаж чадаагүй эмэгтэй амьдралынхаа туршид тэгш бус байдлын улмаас үүдэх бэрхшээлтэй тулгарч, удирдагч болоход шаардагдах эрх, сонголтуудаа алдах эрсдэлтэй тулгарна. Ийм учраас бид эмэгтэйчүүдийг удирдан манлайлах ур чадвартай болгох, бие мах бодийн бие даасан байдлаa хангах бат бэх үндэс суурийг тавихад туслах ёстой.
COVID-19 хямралын туршид эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь хэвийн байлгах, эрүүл мэндийн тогтолцооны тэргүүн эгнээнд ажиллагсдын ихэнх нь байж, өрх гэртээ өвчтэй хэн нэгнийг асрах болон сургуулиас гадуурх боловсрол хүмүүжлийг гэрээр олгох нэмэлт хариуцлагыг үүрч байна. Тэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн даван туулагчдыг хамгаалах байранд байрлуулж, жирэмслэхээс хамгаалах эм бэлдмэл хүргэхийн тулд уулын оройд хүртэл хүрч ажиллажээ.
Товчхондоо, эмэгтэйчүүд өөрсдөө манлайллынхаа үнэ цэнийг ил тод харуулж чадлаа. Эдгээрийг тэмдэглэж, улам цааш түгээх хэрэгтэй бөгөөд эмэгтэй хүн бүр өөрийн бие махбод, амьдралаа удирдаж чаддаг, эмэгтэйчүүд өөрсдийн тэгш байх эрхийнхээ төлөө манлайлж чаддагийг дэлхий ертөнцөд түгээн, дэлгэрүүлэх хэрэгтэй.