Улаанбаатар, Монгол, 2022 оны 3-р сарын 29 – НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд Монгол Улсыг дэмжиж, хамтран хэрэгжүүлэх 7-р хөтөлбөрийн төслийг түншүүд, оролцогч талууд, хамтран хэрэгжүүлэгч байгууллагууддаа танилцуулах, хэлэлцэх уулзалтыг 2022 оны 3 сарын 29-ны зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, доктор Халид Шарифи, “НҮБ-ын Хүн амын сан нь залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээг хангах, хүн ам зүйн шилжилтийн тухай ойлголтыг бий болгох зэрэг НҮБ-ын тогтолцооны чухал асуудлуудад анхаарч ажилладаг," гэж хэлэв.
“Улс орныг дэмжих шинэ 7-р хөтөлбөр нь өмнөх 6-р Хөтөлбөрийн амжилт болон хөтөлбөрийн үнэлгээний зөвлөмжид тулгуурласан бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх түвшинд гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээг тогтвортой, тасралтгүй хүргэхэд чиглэж, эх барихын боловсрол, гар утасны програмын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах Телемедицин төслийн амжилтуудыг ахиулах зэрэг эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэгийн тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Мөн бэлгийн боловсрол олгох багшийн сургалтын систем, механизмыг дэмжих замаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхижуулах ажлуудын төсвийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, улс орон даяар бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг дэмжиж институтийн чадавхийг бэхжүүлэхэд анхаарах болно," гэж доктор Шарифи хэлэв.
Хэлэлцүүлгийн үеэр урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоох, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг эцэслэх, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангийн дэлхий нийтэд хэрэгжүүлж буй ажлуудтай уялдуулах шинэ Улс орныг дэмжих 7-р хөтөлбөрийн цар хүрээг оролцогч талуудад танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо.
Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сан хоорондын анхны цогц Улс орны хөтөлбөр 1992 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд эл хөтөлбөр нь гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох, түүнчлэн хүн ам зүйн мэдээллийн ашиглалтыг эрчимжүүлэх замаар Засгийн Газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэж байв.
НҮБ-ын Хүн амын сангийн 6 дахь Улс орны хөтөлбөр Монгол улсад залуучуудын оролцоо; залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх; мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхийг гол зорилтоо болгож 5 жилийн хугацаатайгаар 2017 онд эхэлсэн билээ. Одоогийн Улс орны хөтөлбөр нь Монгол улсад ТХЗ-уудад хүрэхэд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын бусад агентлагуудын үйл ажиллагаатай нягт уялдаатай хэрэгжиж байна.
Тус хэлэлцүүлгийн арга хэмжээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, төрийн байгууллагууд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, олон улсын хөгжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд болон НҮБ-ын агентлагуудын төлөөлөл оролцлоо.
Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан
1998 онд Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан байгуулагдаж, Улаанбаатар хотноо суурин төлөөлөгчтэй болсон бөгөөд 2002 онд Ховд аймагт бүсийн салбар оффисоо нээсэн юм.
Олон улсын Тэргүүнээр удирдуулсан Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг.
Холбоо барих:
Б.Хаш-Эрдэнэ
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны шинжээч
Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан
Цахим шуудан: bayarsaikhan@unfpa.org
Утас: +976 99984729