ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 2016 оны 11 сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот — Өнөөдөр танилцуулж буй Дэлхийн хүн амын байдал 2016 тайландаа НҮБ-ын Хүн амын сан охидод хангалттай хөрөнгө оруулалгүйгээр дэлхийн хөгжлийн зорилтуудад хүрэх боломжгүйг анхааруулав.
10 наснаас нь эхлэн охидод сөрөг нөлөө бүхий уламжлалт үйлийг үйлдэж, эрхийг нь зөрчвөл тэд насанд хүрч нөөц бололцоогоо бүрэн дайчлан, улс үндэстнийхээ нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж чадахгүйд хүрнэ. Тэдний хувь нэмэр бүхий оролцоогүйгээр 2030 онд хүрэхээр зорьж буй тогтвортой хөгжлийн 17 зорилт, НҮБ-ын хөгжлийн зорилтуудад хэзээ ч хүрч чадахгүй.
Бэлгийн бойжилт нь эхэлдэг учраас охидын хувьд 10 нас гэдэг маш чухал үе. Дэлхийн зарим оронд 10 настай охид хязгааргүй их боломжоор хангагдаж, боловсрол, ирээдүйн ажил, амьдралдаа нөлөөлөхүйц сонголтуудыг хийж эхэлдэг. Харин зарим оронд бэлгийн бойжилт нь эхэлж буй охидыг худалдаж, борлуулдаг эд агуурс мэт үзэж, хүчээр гэрлүүлэн, сургууль завсардуулж, хүүхэд төрүүлж, насаараа зарцлагдах хувь тавилантай болгодогийг НҮБ-ын Хүн амын сангийн уг тайланд онцолсон байна.
“Охидыг эсэн мэнд, эрүүл саруул өсч торнин бүтээлч, бие даасан иргэн болоход саад учруулах нь тэдний эрхийг зөрчсөн үйлдэл юм” гэж НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатунде Осотимехин онцлоод “энэ нь тухайн охидын нутаг нэгтэн, улс үндэстэнд хохиролтой төдийгүй охид нөөц бололцоогоо ашиглаж чадахгүй бол бид бүгд хохирно” гэв.
Дэлхийн улс орнуудын удирдагчид 2015 онд хөгжлийн шинэ зорилтуудыг баталж, цаашид 15 жилийн турш нийгэм, эдийн засгаа хөгжүүлж, уг зорилтуудад хүрэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тэд хэнийг ч ардаа орхилгүй, тэгш хөгжихийг зорьж байгаа юм. 10 настай охидыг хөгжлөөс орхигдуулж буй саад тотгорыг өнөөдөр арилгаснаар цаашид уг хөгжлийн зорилтуудад амжилттай хүрэх боломж нэмэгдэнэ гэж уг тайланд онцолжээ.
Дэлхийн хүн амын байдал тайланд дурьдсанаар өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 125 сая охин амьдарч байгаа бөгөөд тэдний 60 сая нь өсвөр насандаа тодорхой бэрхшээлүүдийг туулж байна. Хөвгүүдтэй харьцуулахад дунд болон их дээд сургууль төгсдөг охидын тоо цөөн, мөн тэд бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сул дорой тул цалинтай ажил олоход илүү их бэрхшээлтэй тулгардаг байна.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Засгийн газруудын хэрэгжүүлж буй бодлогын хувилбарууд нэмэгдлээ. Тухайлбал, охин хүүхдийг гэрлүүлэх явдлыг хориглох, ядуу охидын эцэг эхэд нь мөнгө өгч, сургалтын зардлыг шийдвэрлэхэд тусалж, охидыг сургуульд сургах, бэлгийн бойжилт нь эхэлж буй охидыг амьдрах ухааны сургалтанд хамруулж, тэдний насны онцлогт тохирсон бэлгийн цогц боловсрол олгох гэх мэт.
Эдгээр үйл ажиллагааг улам олон тооны охид ялангуяа хамгийн ядуу, эмзэг бүлгийн 10 настай охидод хүргэхэд бэрхшээлтэй байгааг НҮБ-ын Хүн амын сангаас гаргаж буй Дэлхийн хүн амын байдал тайланд онцолсон байна.
Монгол улсад 10 настай 25,000 охин, 10-19 настай 225,787 охин байна. Сургуульд хамрагдалт охидын хувьд өндөр буюу бага сургуульд 95%, дунд сургуульд 88% байна. Монгол улс мөн өнгөрсөн жилүүдэд охидод онцгой анхаарч, хөгжлийн ололт, амжилтад хүрсэн билээ. Гэвч Монголд өнөөдөр 10 настай охид өсч бойжихдоо тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч байна. Өнөөгийн статистик мэдээнээс үзвэл Монголд өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр, 15-19 насны 1,000 охид тутамд төрөлт 40.4 байна. Энэ тоог тус бүс нутаг дахь бусад орнууд болон ижил төстэй орлоготой орнуудтай харьцуулбал: Турк- 29.3, Maлайз- 13.3, Сингапур- 4 байна. Мөн охидын дунд хүсээгүй жирэмслэлт их байгаа бөгөөд 15-19 настай жирэмсэн охидын 14.1% үр хөндүүлж байна. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийн хангагдаагүй хэрэгцээ 15-19 насны охидын дунд 36.4% байж, тэд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэггүй байна. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тархалтын талаар улс орныг хамарсан цогц судалгаа хараахан хийгээгүй байгаа ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн бараг 88.3% нь эмэгтэйчүүд, тэдний 40% нь 15-34 насны бүсгүйчүүд байна.
Охидын сурч боловсорсон жил нэмэгдэхийн хэрээр цалин нь 11.7 хувиар (эрчүүдийнх 9.6 хувиар) өсдөг. Бага болон дундаж орлоготой сонгосон орнуудад 10 настай охидод хөрөнгө оруулсанаар ирэх 15 жилд хувь хүний дундаж орлого хэрхэн өсөхийг уг тайланд танилцуулсан байна. Охидод хөрөнгө оруулбал Монголд нэг охин 2015-2030 онд 18,470 ам.долларын орлого олох боломжтой. Харин хөрөнгө оруулахгүй бол орлого нь ердөө л 8,784 ам.доллар байх болно.
“2030 онд дэлхий ертөнц маань ямар дүр төрхтэй байх нь бид бүгд өнөөдөр 10 настай охидыг хэрхэн дэмжиж, хөрөнгө оруулахаас шалтгаална” гэж Др.Осотимехин хэлээд “гэр бүл, олон нийт, улс үндэстнийхээ дэмжлэгийг авч, эрхээ бүрэн эдэлж буй 10 настай охид цаашид цэцэглэн, хөгжиж, бидний хүсч буй ирээдүйг цогцлооход хувь нэмрээ оруулна” гэдгийг онцлов.
Статистик мэдээ:
- 10 настай 10 охин тутмын 9 нь хөгжиж буй орнуудад, 5 охин тутмын 1 нь дорой буурай орнуудад амьдарч: 5 охин тутмын 1 нь Энэтхэгт, 8 охин тутмын 1 нь Хятадад амьдарч байна.
- Хөгжиж буй орнуудад сургууль завсардсан, эсвэл сургуульд огт ороогүй 10 настай бүх охид дунд боловсрол эзэмшвэл тэд жилд $21 тэрбумын ашиг олох эхлэлийг тавина.
- 5-14 насны охидын 10 хувь нь 7 хоногт 28-аас дээш цагийг гэрийн ажил хийхэд зарцуулж байгаа нь хөвгүүдийнхээс хоёр дахин их байна. Ажил хийж буй 4 охин тутмын 3 нь цалингүй ажилладаг.
- Өдөр бүр 47,700 охин 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэх эрсдэлтэй байна.