Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын хамтарсан мэдэгдэл: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

НҮБ-ын хамтарсан мэдэгдэл: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

Statement

НҮБ-ын хамтарсан мэдэгдэл: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

calendar_today 27 November 2024

НҮБ-ын хамтрасан мэдэгдэл
НҮБ-ын хамтрасан мэдэгдэл

 

НҮБ-ын хамтарсан мэдэгдэл: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян

2024 оны 11-р сарын 25-аас 12-р сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот, 2024 оны 11 сарын 22-ны өдөр

Нэгдсэн Үндэстний Байгууллага жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) бүх хэлбэрийг устгах тухай хатуу байр сууриа илэрхийлж байна. Жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяныг өрнүүлж, ЖСХ нь өргөн цар хүрээг хамарсан, өнө удаан жил үргэлжилсэн хүний эрхийн зөрчил болохыг онцгойлон сануулж байна. Дэлхийн хэмжээнд  энэ  жилийг  "Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жил: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье" уриан дор тэмдэглэж, энэхүү ужгирсан  асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсад 2024 оны аяныг "ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - #Шалтаг бүү тооч" сэдвийн дор өрнүүлж буй нь технологид суурилсан хүчирхийлэл (ТСЖХ) нэмэгдэж, охид, эмэгтэйчүүдэд цахим болон бодит орчинд учрах хор хөнөөлийг улам даамжруулж буйг онцолж байгаа хэрэг юм. Монгол Улс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг эрх зүйн хүрээнд шинэчлэлт хийж, тодорхой ахиц дэвшил гаргасан хэдий ч, ялангуяа Технологид суурилсан жендэрийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр томоохон сорилтуудтай тулгарч, гэмт хэргийг дутуу мэдээлэх зэрэг асуудал гарсаар байна.

Жендэрийн хэвшмэл ойлголтууд эрх мэдлийн тэгш бус байдлыг даамжруулж, хор хөнөөлтэй зан үйлийг хэвийн мэт харагдуулсаар байгаа нь Монгол Улсад тулгарч буй жендэрт суурилсан хүчирхийллийн үндсэн шалтгаан болж байна. Монголчуудын 97 хувь нь эмэгтэйчүүдийн талаар хамгийн багадаа нэг жендэрийн хэвшмэл ойлголттой байдгийг НҮБХХ-ийн 2023 оны жендэрийн нийгмийн хэм хэмжээний индекс харуулсан бөгөөд эдгээр хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийн эрх оролцоог нэмэгдүүлэхэд тулгардаг үндсэн саад тотгор болохыг илтгэж байна.

Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд өөрсдийн үүрэг, соёлын хэм хэмжээ, хариуцлагын улмаас уур амьсгалын өөрчлөлтөд хэт их өртөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, шилжин суурьшигчид, дүрвэгсэд, уугуул эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийн иргэд тусламж авахад  энгийн иргэдээс илүү саад бэрхшээл, өндөр эрсдэлтэй тулгардаг.

Дэлхийн дахинаа Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэх цаг мөч ойртож буй энэ үед засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түнш байгууллагууд, хувь хүмүүст хандан НҮБ-аас дараах уриалгыг гаргаж байна. Үүнд:

  1. ЖСХ-ийн бүх хэлбэр, түүнчлэн ТСЖХ-ийг арилгах эрх зүйн орчинг бүрдүүлж, хэрэгжилтийг хангах.
  2. Урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүчирхийллийг даван туулагчдад шударга ёс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн дэмжлэг авах боломжийг бүрдүүлэх.
  3. Хор хөнөөлтэй жендэрийн хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг арилгах зорилгоор олон нийтэд чиглэсэн мэдээллийн кампанит ажлыг хэрэгжүүлэх.
  4. Гэмт этгээдүүдэд хариуцлага тооцохын зэрэгцээ аюулгүй цахим орон зайг бий болгоход технологийг ашиглах.
  5. Хүн амд суурилсан тогтмол мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн дүн шинжилгээ, ашиглалтыг сайжруулах замаар нотолгоонд суурилсан бодлого тодорхойлж, хариуцлагын тогтолцоо бий болгох.
  6. Цөөнх болон эмзэг бүлгийн төлөөллийг хэлэлцүүлэгт оролцуулж, шийдвэр гаргах үйл явцад бүрэн оролцох боломжоор хангах.
  7. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийг хамтрагчаар  татан оролцуулах.

ЖСХ-ийг таслан зогсоох нь хамтын хариуцлага бөгөөд нийгмийн бүхий л салбарын хүчин чармайлт шаардлагатай. Эдгээр 16 хоногийн үйл ажиллагааг эхлүүлэхдээ зөвхөн өөрчлөлтөд уриалаад зогсохгүй охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй орчинд байх ирээдүйг бүтээхийн төлөө шийдэмгий алхам хийцгээе.   

Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх Тогтвортой хөгжлийн зорилт 5 –д тусгагдсаны дагуу хүндэтгэл, нэр төр, эрх тэгш байдал нь бүх нийтийн хүсэл тэмүүлэл биш харин бодит зүйл болох дэлхий ертөнцийг бид хамтдаа байгуулж чадна. 

 

 

"ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - #Шалтаг бүү тооч"