Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх нь тогтвортой хөгжлийн тулгын чулуу гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм.
Хөтөлбөр батлагдсанаас хойших хугацаанд бид ахиц дэвшил гаргасан. Жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн арга хэрэгслийг урьд өмнөхөөсөө илүү олон эмэгтэйчүүд ашиглах боломжтой болжээ. Дэлхий дахинд 2000 оноос хойш эхийн эндэгдэл гучин дөрвөн хувиар буурсан. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, иргэний нийгэм өөрчлөлтийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэлээ.
Гэвч ахиц дэвшил тэгш бус, тогтворгүй байлаа. Өнөөгийн 21-р зуунд өдөр бүр 800 орчим эмэгтэй жирэмслэх, хүүхэд төрүүлэх үедээ нас барж байгаа нь маш харамсалтай. Мөн зарим газарт эмэгтэй хүний бэлэг эрхтнийг зэрэмдэглэх зэрэг амин чухал асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн ахиц дэвшил эсрэгээрээ болох эрсдэлтэй байна.
Энэ жилийн Дэлхийн хүн амын өдрийн уриа бидэнд тоон мэдээлэл цуглуулахад хөрөнгө оруулах нь асуудлыг ойлгох, шийдлийг тодорхойлох, ахиц дэвшил гаргахад чухал ач холбогдолтой болохыг сануулж байна. Санхүү ч мөн адил. Тогтвортой хөгжлийг хангахад боломжийн хөрөнгө босгохын тулд энэ жил зохион байгуулагдах Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулганд оролцож, үр дүнтэй хамтрахыг улс орнуудад уриалъя.
Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг улс орон болгонд, хүн бүрд хүргэцгээе.