ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ - 2016 оны 11 сарын 25
Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар хот – Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан өнөөдөр жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлж байна. 11-р сарын 25 бол эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр бөгөөд энэ өдрөөс хойш 12-р сарын 10 буюу хүний эрхийн өдрийг хүртэл 16 хоног дэлхий дахинаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх аян өрнөдөг билээ. “Дэлхий дахинаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хөрөнгө босгоцооё” уриан дор зохион байгуулагдаж буй энэ оны аян нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох санаачилгуудыг тогтвортой санхүүжүүлэх асуудлыг дэлхийн нийтэд сонордуулж, хөрөнгө дайчлах боломж олгож байна.
Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сэтгүүлчдийн мэдлэгийг өргөжүүлээд зогсохгүй, энэ нь ихээхэн эмзэг асуудал тул үүнийг хэрхэн мэдээлэх тухай сургалтыг сэтгүүлчдэд зориулан НҮБ-ын Хүн амын сан Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсанаар энэхүү аяныг эхлүүлж байна. Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэл болон охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан амьдрахад сөрөгөөр нөлөөлж буй бусад асуудлаар үүнтэй ижил төстэй үйл ажиллагаануудыг бид нэг жил Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулна. 16 хоногийн аяны хүрээнд 12 сарын 7-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Centre Mall-д “Orange Session” буюу “улбар шар арга хэмжээ”-г зохион байгуулж, залуу, авъяаслаг уран бүтээлчид уран бүтээлээрээ дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо сайн дураар өргөж жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх , залуучуудын ойлголтыг нэмэгдүүлнэ. Урьд өмнөх улбар шар арга хэмжээ болон энэ удаагийн тоглолтын үеэр цугласан хандивыг Нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчлүүлж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод зориулна.
Монголд жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх аян тус улсын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдаатай. Статистик тоон мэдээ мэдээллээс үзвэл:
- Гэр бүлийн хүчирхийллийн 88.3 хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байна;
- 2015 он хүртэлх 5 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 80 хүн амиа алдаж, 3,299 хүн гэмтэж бэртсэн байна;
- 2015 онд гэр бүлийн хүчирхийллийн 1,356 тохиолдол цагдаад бүртэгдсэн нь 2014 оны мөн үеийнхтэй харьцуулахад 26%-иар өссөн байна.
“Эдгээр тоо нь зөвхөн бүртгэгдсэн тохиолдлуудад тулгуурлаж гаргасан мэдээлэл бөгөөд бодит байдлыг илэрхийлж чадахгүй. Учир нь хүчирхийлэлд өртөгсөд айж ичсэндээ эсвэл өөрсдийнхөө аюулгүй байдалд санаа зосвондоо хүчирхийллийн тохиолдлыг тэр бүр мэдээлээд байдаггүй” гэж НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлээд “жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын тулд бид олон нийтийн ойлголтыг сайжруулж, хохирогчдыг хамгаалж, тэдний аюулгүй байдлыг хангахад хөрөнгө хуваарилах эрх зүйн орчинг бүрдүүлэхэд нь шийдвэр гаргагч, удирдагчдад нөлөөлж, туслан, хүчирхийлэл үйлдэгсэд ямар ч хариуцлага хүлээдэггүй явдлыг таслан зогсоох ёстой” гэж мэдэгдэв.
2016 оны энэхүү аян нь 2030 онд хүрэх тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах 5 дахь зорилтыг хэрэгжүүлэхийн тулд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хүчин чармайлтыг тогтвортой санхүүжүүлэх шаардлагатайг онцолж байна.
“Охид, эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн хангаж, хувь хүн, гэр бүл, олон нийт, улс орнуудыг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд жендэрийн тэгш байдлыг хангах нь чухал” гэж НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др.Бабатундэ Осотимехин хэлээд “НҮБ-ын Хүн амын сан дэлхий дахинаа ихэвчлэн зөрчил сөргөлдөөн, байгалийн гамшигт өртөж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эрсдэл ихэссэн орнуудад жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ажилладаг. Зөвхөн өнгөрсөн жилд НҮБ-ын Хүн амын сан хөгжиж буй болоод хүмүүнлэгийн хямралд өртсөн орнуудад жендэрт суурилсан хүчирхийлэл, хор хөнөөл бүхий дадлаас урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авахад 93 сая гаруй ам.доллар зарцуулсан” гэж мэдэгдэв.
Монголд төдийгүй дэлхий дахинаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогстол хүчин чармайлт гаргаж ажиллахыг НҮБ-ын Хүн амын сан өнөөдөр болоод аяны 16 хоногийн турш Засгийн газар, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд уриалж байна.
Тусламж шаардлагатай бол:
Хүчирхийлэлтэйтэмцэх үндэсний төвийн үйлчилгээ үзүүлэх утас: - 6490505
Цагдаагийн дуудлага өгөх утас: - 102-107, 108
Хүчирхийлэлдөртөгсөд болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөрт хандив өргөх бол дараах сайтад хандана уу: http://unfpa-mn.org
____________________
НҮБ-ын Хүн амын сан (www.mongolia.unfpa.org) нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан тус улсад үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд нийцүүлэн Монгол Улсыг дэмжих 5 дахь хөтөлбөрөө 2012-2016 онд хэрэгжүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Анжелика Эсгүэрратай холбогдож авна уу. Утас: 353505 (дотуур утас. 3314), и-мэйл: esguerra@unfpa.org