You are here

2022 оны 7 дугаар сарын 29 – Улаанбаатар, Монгол Улс – Люксембургийн Их Гүнт Улс болон НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс хоорондын эх, хүүхдийн эрүүл мэндийн төслийн протоколд гарын үсэг зурах ёслол 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар дахь НҮБ-ын ордонд боллоо.

Хоёр талын Ерөнхий түншлэлийн тогтолцоонд үндэслэсэн төслийн үүргийн маягтад гарын үсэг зурснаар Люксембург улс 2022 оноос 2027 он хүртэл хэрэгжих “Урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг арилгах ажлыг эрчимжүүлэх нь”  төсөлд таван жилийн хугацаанд 5 сая евро хандивлаж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар 2007 оноос хойш 12 жилийн турш Монгол Улсад “Эх, нярайн эрүүл мэндийн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх” төслийг дэмжин ажилласан бөгөөд уг төслийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор хэрэгжүүлсэн байна.

Өмнөх 12 жилийн туршлага дээр тулгуурлан энэхүү шинэ төсөл нь технологийн дэвшлийг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг таслан зогсоох, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг арилгах, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжих болно.

Гарын үсэг зурах үеэр Хятад дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, Монгол Улсыг хариуцсан захирал Др. Жастин Коулсон “Төслийн энэхүү шинэ үе шат нь өмнөх ололт амжилтаа түшиглэн, урьдчилан сэргийлэх боломжтой эх, нярайн эндэгдлийн бууруулах чиглэлээр мэдээлэлд суурилсан бодлого, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг хэрэгцээтэй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг баталгаажуулах зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах болно.” гэж хэлэв.

Люксембургийн Их Гүнт улсын Хөгжлийн хамтын ажиллагааны Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн сайд, Эдийн засгийн сайд ноён Франц Файот “Та бүхнийг хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг уриалмаар байна. Төслийн энэхүү шинэ үе шат нь бид хэрхэн илүү хамтын ажиллагааг бий болгох вэ гэдэг дээр ач холбогдол өгч байгаа” гэж Люксембургийн санхүүжилттэй хоёр болон олон талт түншүүдийн хэрэгжүүлж буй төслүүдийн талаар дурдав.

Сайд Файот мөн жендэрийн тэгш байдал, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Люксембургийн Их Гүнт улс онцгой анхаарал хандуулж байгааг онцлон тэмдэглэв.

Гарын үсэг зурсны дараа Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др. Халид Шарифи НҮБ-ын Хүн амын санг уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан

НҮБ-ын Хүн Амын Сан 1970-аад оны сүүлээс Монгол улсын засгийн газарт дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд, 1979 он болон 1989 оны Хүн ам, орон сууцны тооллого явуулахад Статистикийн Төв Газрыг шаардлагатай тоног төхөөрөмж болон сургалтаар хангасан билээ. 1990-ээд оны эхээр эмнэлгийн албан хаагчдад сургалт явуулахын зэрэгцээ орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг хандивлах замаар эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж эхэлсэн юм.

Монгол улсын засгийн газар болон НҮБ-ын Хүн Амын Сан хоорондын анхны цогц Улс орны хөтөлбөр 1992 онд албан ёсоор эхэлсэн бөгөөд эл Хөтөлбөр нь гэр бүл төлөвлөлтийн мэдээлэл, үйлчилгээг хүртээмжтэй болгох, түүнчлэн хүн ам зүйн мэдээллийн ашиглалтыг эрчимжүүлэх замаар засгийн газрын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглэж байв.

НҮБ-ын Хүн Амын Сангийн 6 дахь Улс орны хөтөлбөр Монгол улсад залуучуудын оролцоо; залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх; мөн ЖСХ-тэй хийх тэмцлийг гол фокусаа болгож 2017 онд эхэлсэн билээ. Одоогийн Улс орны хөтөлбөр нь 2017-2022 оны НҮБ-ын Хөгжлийн Тусламжийн Хүрээний (НҮБХТХ) дагуу Монгол улсад ТХЗ-уудад хүрэхэд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын бусад агентлагуудын үйл ажиллагаатай нягт уялдаатай хэрэгжиж байна.