Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава.
Дархан уул аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн зохицуулагч, ахлах нийгмийн ажилтан Цэцэгмаа энэ жил тус төвөөр үйлчлүүлэгчдийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн гэж мэдэгдлээ. Нэг цэгийн үйлчилгээний төв жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хүчирхийлэлт орчноос ангижирч, хэвийн амьдралд эргэн ороход нь цогц үйлчилгээ үзүүлж тусалдаг. “Ердийн үетэй харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол өссөн” гэж Цэцэгмаа ярилаа.
-----
Дэлхий дахинаа КОВИД-19 цар тахал охид, эмэгтэйчүүд, тэдний гэр бүл төдийгүй олон нийт, эдийн засагт зогсолтгүй сөрөгөөр нөлөөлж байна. Цар тахлаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлуудаас гадна, үүнтэй холбоотой авч буй арга хэмжээнүүд нь нийгмийн тэгш бус байдал түүний дотор жендэрийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна. Энэ нь эмзэг бүлгийнхэнд хамгийн хүндээр тусч байгаа нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж тэгш бус, тэдний амьдралын нөхцөл хүнд, халдвар авах эрсдэл ихтэй, эдийн засгийн хувьд ч хүнд нөхцөлд байдагтай холбоотой.
Хямралд охид эмэгтэйчүүд харьцангуй ихээр өртөж байна. Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн бараг 60% нь албан бус эдийн засгийн салбарт ажилладаг тул энэхүү хямралын үед ядуурах эрсдэл ихсэж байна. Мөн жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийн олдоц багасч, хүсээгүй жирэмслэлт өсч болзошгүй байна. Охид эмэгтэйчүүд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэл ихсэж, хүчирхийллээс зугтаж, үйлчилгээ авахад улам хүндрэлтэй болж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл бол хүний эрхийн томоохон зөрчлүүдийн нэг бөгөөд энэхүү цар тахлаас үүдэлтэй онцгой байдлын үед байдал улам дордож байна гэж НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагаас мэдэгдлээ. Монгол улс КОВИД-19-ийн халдварыг өнөөг хүртэл дотоодод тархахаас хамгаалж ирлээ. Энэ сацуу жендэрт суурилсан хүчирхийлэл эрс өслөө. 2020 оны 1-р улиралд халдвараас урьдчилан сэргийлэх хатуу хязгаарлалт, арга хэмжээ авах үед Нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчлүүлэгчдийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 87%-иар өсчээ. КОВИД-19-ийн цар тахал, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн улмаас гэр бүлд сэтгэл санаа, санхүүгийн дарамт ихсэж, гэр бүлийн харилцаа хурцдаж улмаар хүчирхийлэлд хүрэх тохиолдол гарч байна.
Ялангуяа хүүхдүүд хүчирхийлэлд их өртөж байна.
Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 1-р сарын сүүлээс хойш сургуулиудыг хааж, олон нийтийн газруудад хүүхэд оруулахыг хориглов. Цар тахлаас урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүд нь хүүхдүүдийн төдийгүй асран халамжлагчдын сэтгэцийн эрүүл мэнд, нөхцөл байдалд сөрөгөөр нөлөөлж, зарим тохиолдолд хүчирхийлэл гарахад хүргэж байна.
2020 оны эхний гурван сард Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.2%-иар өссөн байна. Хүүхдийг үл ойшоох явдлаас эхлээд бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийллийг мэдээлэх явдал ч нэмэгдсэн байна. Олон улсын туршлагаас үзэхэд хүчирхийллийг тэр бүр мэдээлдэггүй тул хүчирхийллийн тохиолдлын тоо, мэдээлсэн тохиолдлын тооноос үргэлж цөөн байдаг.
Охид, эмэгтэйчүүдийг бурангуй хорт уламжлалаас хамгаалахын төлөө тууштай тэмцэж хүрсэн амжилт КОВИД-19 цар тахлын улмаас зарим талаар ухарлаа.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсонооор дэлхий дахинаа хөл хорио, хязгаарлалтын улмаас 6 сар тутамд жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдол 31 саяар өсч болзошгүй байна.
Энэ бол зөвхөн өнөөгийн дүр төрх бөгөөд “сүүдрийн цар тахал” хэмээн бидний нэрлээд буй хүчирхийлэл цаашид улам газар авч болзошгүй байна.
Өнөөдөр, дэлхийн хүн амын өдөр бид охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлын талаарх ойлголтоо сайжруулж, тэдний эрүүл мэнд, сайн сайханы төлөө хэрхэн хамтран ажиллахаа шийдэхийг зорьж байна.
Бид хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрч үйлчлэх хэрэгтэй.
Тусламж шаардлагатай охид, эмэгтэйчүүдэд цаг алдалгүй зохих үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй.
Гэвч бид дангаараа үүнийг хийж чадахгүй. Засгийн газрууд, түнш байгууллагууд ялангуяа энэ онцгой байдлын үед бүгд охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг эн тэргүүнд анхаарч, тэдний хэрэгцээг нэн яаралтай хангахыг НҮБ-ын Хүн амын сангаас уриалж байна. Бид одоо:
- Дотоодод халдвар тархах юм уу эсвэл тахал гарч, улам хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үед ч Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнууд үйлчилгээгээ тасралтгүй үзүүлэхэд бэлтгэж тусгай сургалтад хамруулан, удирдамж, хамгааллын хэрэгсэлээр хангах;
- Цагдаа, хилийн харуул, хамгаалалтын ажилтнууд, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг КОВИД-19 цар тахлын эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй албан хаагчдыг сургалтад хамруулж, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдийг олж илрүүлж, зохих тусламж үйлчилгээнд зуучлах чадвартай болгох;
- Карантилагдаж байгаа хүмүүсийн хэрэгцээ, эрхийг хамгаалж, нэн шаардлагатай зүйлсээр хангаж, хүчирхийлэлд өртсөн үед хаанаас тусламж авах боломжтойг мэдээлдэг болгох;
- Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн анхаарах тухай мэдээллийг түгээх замаар жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх;
- Ядуурал бол жендэрт суурилсан хүчирхийллийг өдөөгч хүчин зүйл юм. Иймд хүмүүс орлогогүй болж, ядуурал өсч байгааг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Дэлхийн хүн амын өдөр бол бүх нийтийн эрүүл мэнд, эрхийг хангахын төлөө хамтран ажиллахаар авсан хамтын амлалтаа хэрэгжүүлж, бататгах цаг юм.