2016 оны 8 сарын 12 - Олон улсын залуучуудын өдөрт зориулан НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Др. Бабатунде Осотимехиний хийсэн мэдэгдэл
Гэр бүл, олон нийт, улс үндэстний сайн сайхны төлөө залуучууд голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг бататган, хүлээн зөвшөөрч НҮБ-ын Хүн амын сан Олон улсын залуучуудын өдрийг энэ жил “2030 онд хүрэх зам: ядуурлыг устгаж, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг хангацгаая” уриан дор тэмдэглэж байгаа нь ихээхэн цаг үеэ олсон үйл явдал болж байна.
Дэлхий дахинаа 500 сая гаруй залуус ядуу, тэр бүр суурь хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Тэд нэн чухал нөөцөөс хүртэж чадахгүй, дэлхийн ядуучуудын дунд харилцан адилгүй хувь эзэлж байна. Хэрэв бид ядуурлыг амжилттай устгаж чадвал, тэд үр шимийг нь хамгийн ихээр хүртэх юм. Харин ядуурлыг устгаж чадахгүй бол тэд хамгийн ихээр хохирно. Залуучууд бол бусдын боддог шиг хүндрэлтэй асуудал бус харин асуудлыг шийдэх шийдэл юм.
Өнгөрсөн жил НҮБ 2030 онд хүрэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан бөгөөд уг зорилтуудад хүрэхийн тулд өнөөгийн болон хойч үеийнхний хэрэгцээг тэнцвэржүүлж, байгалийн нөөцийг сүйтгэлгүй эдийн засгийн өсөлтийг хангаж, хүн шиг сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу хэрэглээг бууруулах шаардлагатай байна.
Мөн эдгээр зорилтуудад хүрэхийн тулд ул суурьтай өөрчлөлт хийж, хойч үеийнхнийхээ ашиг сонирхолыг анхаарч нөөцийн хуваарилалтыг шийдэж, хүндрэлийг даван туулах хувь хүн, олон нийтийн чадварыг сайжруулах нийгмийн салбаруудад хөрөнгө оруулж, хүний эрхийг хангах явдлыг хөгжлийн төвд авч үзэх ёстой.
Дэлхий дахинаа, энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлэх шинэлэг шийдлүүдийг гаргаж, ахиц дэвшил гаргах түүхэн боломж залуу хүн амд байна. Үүний тулд улс орон, олон нийтийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох залуучуудын эрхийг хангаж, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байж, өөсрдийн бие махбодь, бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн талаар чөлөөтэй мэдээлэл авч, сонголт хийх боломжийг тэдэнд олгох нь чухал.
Залуучуудыг эрх мэдэлжүүлнэ гэдэг бол нийгэмд илүү нөлөө бүхий үр дүнтэй, идэвхитэй оролцогч болох боломжийг тэдэнд олгох явдал юм. Үүний тулд залуучууд ялангуяа охидод тулгарч буй бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалт, тухайлбал албадан гэрлүүлэх, хүүхдийн гэрлэлт, хүчин зэрэг хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлт, ХДХВ-ийн халдварт өртөхөд хүргэж, ирээдүйг нь сүйрүүлдэг эрсдлүүдийг улс орнууд таслан зогсоох хэрэгтэй.
Ингэхдээ гол нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ түүний дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийг хүртээмжтэй болгоход анхаарах ёстой. Энэхүү цогц арга хэмжээ нь хэдэн үе дамжсан ядуурлыг таслан зогсоож, аливаа хүндрэлийг даван туулах хүн амын чадавхийг бэхжүүлж, шинэ эдийн засгийн боломжийг ашиглахад чухал ач холбогдолтой.
Залуучууд шинжлэх ухаан, технологийн инновацид аль хэдийн ахиц гаргаж, үйлдвэрлэл, хэрэглээний хэв маягт ихээхэн нөлөөлөхүйц ухамсартай сонголтуудыг хийж, компани, байгууллага, засгийн газруудыг нийгэм, байгаль орчны салбарт илүү хариуцлагатай болгож байна. Мэдээлэл, технологи, санхүүжилт, мэдлэг туршлагаас хүртэж, хамтран ажиллах боломжтой болсон цагт шинийг эрэлхийлэгч залуучууд шинэлэг санаагаа өөрчлөлт шийдэл болгон хэрэгжүүлэх боломжтой болно.
НҮБ-ын Хүн амын сан дэлхийн 150 гаруй оронд залуучуудын оролцоо, манлайлалыг дэмжиж, тэднийг аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгож, шинийг санаачлан, нөөц бололцоогоо бүрэн дайчладаг болгохын төлөө тэдэнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Залуучуудын хөгжил, хүний эрхийг хангах бодлогуудыг хэрэгжүүлж, өсвөр үе, залуучуудтай холбоотой тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд гарч буй ахиц дэвшлийг хэмжиж ажиллахыг НҮБ-ын Хүн амын сан засгийн газар, хөгжлийн түнш байгууллагууд, бусад нөлөө бүхий байгууллага, хүмүүст уриалж байна. Эдгээр зорилтуудад хүрэхэд залуучууд түншийн хэлбэрээр оролцох учиртай. Тэд бол энэхүү дэлхий ертөнцийг өвлөх хойч үе юм.
Өнөөдөр 10 настай охин тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх учиртай 2030 онд насанд хүрчихсэн 24 настай болчихсон байна. Эрхээ эдэлж, боломжуудыг хүртэж, зорьсондоо хүрэх илүү гэрэл гэгээтэй ирээдүйг тэр охин, түүний хамт олон, дэлхий дахинд цогцлоох зам харгуйг бид хангах ёстой.