Улаанбаатар хот – 2016 оны 8 сарын 25-ны өдөр Монголын залуучуудын холбооны удирдсан залуучуудын байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулсан байгууллага, иргэдийг шагнасан бөгөөд энэ үед Монгол дахь НҮБ-ын Хүн амын санг “Эв нэгдлийн мөнгөн од” медалиар шагнав.
“Энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Гэр бүл, олон нийт, улс үндэстний сайн сайханы төлөө залуучууд голлох үүрэг гүйцэтгэдэг гэдэгт бид үргэлж итгэж, ажиллаж ирсэнийг маань сайшаан үнэлж биднийг ийнхүү шагналаа. Залуучуудад хөрөнгө оруулж, дэмжсэнээр тэд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, улс эх орондоо бодитой хувь нэмэр оруулах боломжтой болдог”-ийг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлов.
Монгол улсын хүний хөгжлийн 2016 оны тайланд дурьдсанаар Монголд 15-34 насны 1 сая гаруй залуучууд амьдарч байгаа нь хүн амын дотор хамгийн том бүлгийг бүрдүүлж, улмаар хүн амын 34.9 хувийг эзэлж байгаа нь хөдөлмөрийн насны хүн амын үлэмж хэсгийг эзэлж байна. Энэ нь хүн амын үлэмж хэсгийг бүрдүүлж буй залуучуудынхаа нөөц бололцоог ашиглах түүхэн боломжийг Монгол улсад олгож байна. “НҮБ-ын Хүн амын сан залуучуудын оролцоо, манлайлалыг дэмжиж, тэднийг аливаа саад бэрхшээлийг даван туулж, шинийг санаачилж, нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж бүхий орчныг бүрдүүлэхийн төлөө залуучуудтай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна” гэж Наоми Китахара 95 жилийн ойн арга хэмжээн дээр хэлээд одоо “Засгийн газар, хөгжлийн түнш байгууллагууд, бусад нөлөө бүхий байгууллагууд түүний дотор Монголын залуучуудын холбоог залуучуудын хөгжил, хүний эрхийг хангах бодлогуудыг батлахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Хүн амын сангаас уриалж байгааг“ цохон тэмдэглэв.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан залуучуудад амьдрах ухааны чанартай боловсрол олгож, эерэг, хариуцлагатай, бие даасан хувь хүн болгон хүмүүжүүлэх зорилго бүхий Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийнхөө хүрээнд залуучуудыг дэмжсээр байна. Энэ зорилгод хүрэхийн тулд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг боловсруулж батлан, амьдрах ухааны чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, залуучуудыг эрх мэдэлжүүлэн, ялангуяа сургуулиудад хүчирхийллээс ангид орчныг бий болгож, залуучууд, ялангуяа эмзэг бүлгийнхний хэрэгцээг хангасан өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын төлөө НҮБ-ын Хүн амын сан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Вант Улсын Засгийн Газар, Оюу толгой ХХК хамтран санхүүжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилд хүрсэн зарим нэг томоохон амжилтуудаас дурьдвал:
Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг боловсруулахад хувь нэмэр оруулав: Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого, холбогдох үндэсний хөтөлбөрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамаар дамжуулан боловсруулж, эцэслэхэд өнгөрсөн жил тогтвортой ахиц гарлаа. Бодлогын баримт бичгийг боловсруулж, хянахад залуучуудын оролцоог хангах зорилгоор залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоосон нь засгийн газрын бүтцэд залуучуудын эрх, оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж байна.
Амьдрах ухааны боловсрол: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг үзүүлж, амьдрах ухааны боловсролыг ерөнхий боловсролын сургуулиудын 6-9 дүгээр ангийн хичээлийн хөтөлбөрт оруулсанаар зорилтот аймгуудад 114 000 сурагч үүний үр шимийг хүртэж байна. НҮБ-ын Хүн амын сан болон Хөдөлмөрийн яамны хамтын ажиллагааны үр дүнд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд амьдрах ухааны боловсролыг сургалтынхаа хөтөлбөрт оруулж, жил бүр 27000 оюутан амьдрах ухаан сурч байна. Мөн амьдрах ухааны боловсрол, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсрол, түүний дотор бэлгийн цогц боловсролыг институчлэх явдлыг дэмжиж, амьдрах ухааны боловсролын 32 танхимыг дунд сургууль, техник, мэргэжлийн сургууль, коллеж, насан туршийн боловсролын төвүүдэд туршилтаар байгуулав.
Залуучуудын хөгжлийн төвүүд: Амьдрах ухааны боловсрол, бусад үйлчилгээнүүдийг сургууль завсардсан, ажилгүй, эмзэг бүлгийн залуучуудад үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр олон нийтэд тулгуурласан Залуучуудын хөгжлийн 16 төвийг байгуулав. Эдгээр төвүүдэд залуучууд амьдрах ухааны боловсрол, сургалт зөвлөгөө, үе тэнгийнхнийхээ дэмжлэгийг авах аюулгүй, таатай орчинг бүрдүүлж байна. Тухайлбал, Залуучуудын хөгжлийн төвүүд өнгөрсөн жил дор хаяж 4,278 залууст амьдрах ухаанд суралцах боломж олгосон байна.
Ханбогд суманд Залуучуудын хөгжлийн төв байгуулахаар Оюу толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сан хамтран ажиллахаар болж Монголын залуучууд үр шимийг нь хүртэх чухал төслийн гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү төсөл нь уул уурхайн хөгжлийн бүс болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуучуудын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлж, тус бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хурдацтай өсөлтийн үр шимийг хүртэх чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.
By; A.Esguerra/ D. Enkhchimeg