“Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрт хамаатай”
2021 оны 11 сарын 25-ны өдөр
Жил бүр жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны үеэр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тэмцлийг эрчимжүүлж, энэ тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлдэг. Дэлхийн энэ хөдөлгөөн жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийт хохирогчдын олонх болох охид эмэгтэйчүүдэд шаардлагатай хөрөнгө нөөцийг хуваарилж, хүчирхийллийг өөгшүүлж буй жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхөд олон нийтийн оролцоог эрчимжүүлж ирлээ.
Дэлхий дахинаа 30 дахь жилдээ болж буй 16 хоногийн энэ аян 11 сарын 25 буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр эхэлж, 12 сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдөр хүртэл үргэлжилдэг. Монгол улс 1997 оноос энэхүү 16 хоногийн аяныг зохион байгуулж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт сайжирч, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааа бүх түвшинд өргөжиж байна.
2018 онд үндэсний түвшинд явуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаанаас үзэхэд 2 монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа ойр дотно хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэлд өртсөн бол 3 эмэгтэй тутмын нэг нь өнгөрсөн 12 сарын хугацаанд дор хаяж нэг удаа хүчирхийлэлд өртсөн байна. Мөн бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд 17.3%, бэлгийн хүчирхийлэлд 14% нь өртөж, хүчирхийллийн ихэнхийг гэр бүлийн аль нэг гишүүн үйлдсэн байна. Мөн Монгол улсын ХҮЭК-ийн мэдээлсэнээр эмэгтэйчүүд, залуучууд ажлын байранд бие махбод, сэтгэл зүй, бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөх эрсдэл маш өндөр байна. 2021 онд тус комиссын хийсэн судалгаанаас үзэхэд судалгаанд оролцсон төрийн захиргааны 3000 албан хаагчийн 78% нь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх мэдээлэлгүй, дөрөвний нэг нь бэлгийн хүчирхийлэл, дарамтад дор хаяж нэг удаа өртсөн гэж хариулжээ.
Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар үндэсний түвшинд явуулсан энэ судалгаагаар хүмүүс ялангуяа хохирогчид өөрсдөө хүчирхийлэлд өртсөнөө бусдад мэдэгдэлгүй дуугүй өнгөрдөг явдал, жендэрийн хэм хэмжээ, ойлголт, хандлага ихээхэн түгээмэл байгаа нь тогтоогдсон бөгөөд бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 3 хүн тутмын нэг нь тодорхой нөхцөл байдалд хамтран амьдрагч өөрийг нь цохихыг зөвтгөсөн байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг судалсан 2020 оны судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 20.6% нь жендэрт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд өөрсдөө буруутай гэж хариулсан бол 26.3% нь хүчирхийллийг хүлцэж өнгөрөөсөнөөр гэр бүлээ хамгаална гэж хариулжээ. Монгол улс хохирогчдыг хамгаалж, хүчирхийлэгчдэд хариуцлага хүлээлгэдэг болоход ихээхэн ахиц дэвшил гаргасан ч, охид, эмэгтэйчүүдэд халгаатай дадал, зуршил, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын тулд хүчирхийллийн үндэс суурь болсон хэвшмэл ойлголт, бусдад халгаатай итгэл үнэмшиил, хандлагуудыг өөрчлөх арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.
Дэлхий дахинаа КОВИД-19 цар тахалтай тэмцэж буй энэ үед жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Дэлхий дахинаа түүний дотор Монголд ч бас цар тахал гарах үед гэр бүлийн хүчирхийлэл эрс өссөн. Нийгэм эдийн засгийн дарамт түүний дотор ажилгүйдэл өсч, сургуулиуд хаагдаж, хүнсний аюулгүй байдал алдагдсан нь хувь хүн, гэр бүлийн харилцаанд цав суулгаж, улмаар хүчирхийлэл болон даамжрахад хүргэсэн байна. Карантин, тусгаарлалт, олон нийтийн хөл хорио нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж, хямралыг даван туулах зүй бус аргуудыг ашиглах эрсдэл өсч, хохирогчдыг гэртээ байнга хүчирхийлэл үйлдэгчидтэй хамт байхад хүргэсэн байна. Гадагш гарч явах боломж нь хязгаарлагдсан хохирогчид нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадахгүй, хамгаалах байр бусад үйлчилгээнүүд тодорхой бус байдалд, эрүүл мэндийн эрсдэл, хөрөнгө нөөцийн хомсдолд орж охид, эмэгтэйчүүд зонхилсон хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй байна.
2017 оноос хойш буурч байсан гэр бүлийн хүчирхийллийн хүнд болон давтан гэмт хэргүүд цар тахлын үед өссөн нь цар тахал жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдалд шууд нөлөөлсөнийг илтгэж байна. Мөн цагдаагийн байгууллагад мэдээлсэн гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, хөнгөн үйлдэл, анхны хүчирхийллийн үйлдлийн тоо 2017 оноос хойш цар тахлаас сэргийлэх хөл хорионы үед цөөрсөн нь нөхцөл байдал эрс хүндрээгүй нөхцөлд хохирогчид тусламж эрэлхийлэх боломжгүй байсныг илтгэж байна.
Хүмүүс жендэрт суурилсан хүчирхийллийг хувийн асуудал гэж ташаа үздэг учраас дэлхий дахинаа энэ нь хамгийн бага мэдээлэгддэг хүний эрхийн зөрчил болоод байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл бол эрчүүдийн хорт зуршил дадал, эр хүний эрх мэдэл, хяналтыг дөвийлгөж, охид эмэгтэйчүүд нь эрчүүдийг номхон хүлцэнгүй дагахыг номлодог нийгмийн хэм хэмжээнээс угшилтай. Үүний улмаас хүмүүс улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадахгүй, хүний эрх, жендэрийн тэгш байдал, хүн ёсыг дээдэлсэн нийгмийг цогцлооход бэрхшээлтэй байна.
2021 оны 7-р сард Монгол улс хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хүрээ, хөдөлмөрийн хүрээний үндсэн эрхийг хамгаалахад үлэмж их ахиц дэвшил гаргасныг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд талархан хүлээн авч байна. Энэхүү шинэ хуулинд ажлын байран дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хориглох олон тооны чухал заалтууд туслаа. Гэхдээ ажил олгогчид, ажилчид, түүний дотор төрийн захиргааны албан хаагчдын бэлгийн дарамтын талаарх мэдлэг, хандлагыг сайжруулахгүй бол ажлын байранд дарамт, хүчирхийлэл байнга гарч байна. Мөн хүчирхийлэл, дарамт түүний дотор жендэрт суурилсан хүчирхийлэл, дарамтаас ангид орчинд ажиллах хүн бүрийн эрхийг хүлээн зөвшөөрсөн олон улсын анхны гэрээ болох Ажлын байран дахь дарамт, хүчирхийллийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр амласныг НҮБ талархан хүлээн авч байна.
Энэ жил Монгол улсад зохион байгуулж буй 16 хоногийн аян бидэнд “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүрт хамаатай” гэдгийг сануулж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл бол хүн нэг бүрийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэр, бүр хамгийн хөнгөн төрлийн хүчирхийллийг ч эсэргүүцэхгүй, хэлж ярихгүй бол бид хүчирхийлэл, түүнийг үүсгэж буй жендэрийн хэвшмэл ойлголт хэм хэмжээг чимээгүй хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Энэ чухал тэмцэлд хэн ч хөндлөнгийн ажиглагч төдий байж болохгүй. Хүн бүр жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үүрэг хариуцлага хүлээсэн.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нэгдсэн зорилгын төлөө бүх хүн, байгууллага салбар даяараа хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж байж энэ чухал том үйл хэргийг бид гүйцэлдүүлж чадна. Тийм ч учраас НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, засгийн газар, төрийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшил эвлэлдэн нэгдэж, энэ жил Монгол улсад 16 хоногийн аяны хүчирхэг уриаг хамтран дэмжиж байна. Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөвгүүд, эрчүүд гол үүрэг гүйцэтгэдэг тул энэ жилийн аян тэдний оролцоог хангахад анхаарч, тэднийг энэ чухал үйл хэрэгт хувь нэмэр оруулах арга хэрэгсэлээр хангах болно.
2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилго, Хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын 25 жилийн ойд болсон Найробигийн дээд хэмжээний уулзалт, Бээжинд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлын 25 жилийн ойд Монгол улс жендэрт суурилсан хүчирхийлэл ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгаж, жендэрийн тэгш байдлыг хангахаа амласан бөгөөд энэ амлалтад хүрэхэд нь Нэгдсэн Үндэстэний Байгууллага тус улсад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болно.
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход гүйцэтгэх үүрэг ролио хүн бүр ухамсарлаж, хүний эрхийг бүгд хүндэлдэг, хамгаалдаг, хүчирхийллээс ангид нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах амлалтаа дахин бататгахыг та бүхэнд уриалж байна.