Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэлд хувийн хэвшлийнхэн нэгдлээ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэлд хувийн хэвшлийнхэн нэгдлээ.

Press Release

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэлд хувийн хэвшлийнхэн нэгдлээ.

calendar_today 28 March 2017

Улаанбаатар хот - Өнөөдөр Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ байранд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зориулсан мөнгөн бус хандивыг Гурванбилэг ХХК-аас НҮБ-ын Хүн амын санд хүлээлгэн өглөө. Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү компани нь эмэгтэйчүүдийн хувцас, дотуур хувцас, гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн улс орон даяар нийлүүлдэг. Нийт 3,966,000 төгрөгийн үнэ бүхий 750 ширхэг эмэгтэй дотуур хувцасыг Улаанбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг 2 хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 6 төвөөр үйлчлүүлж буй гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогсдод зориулан хандивласан байна.

Нэг цэгийн үйлчилгээний нэг төвөөр сард дунджаар 12-45 насны 25, жилдээ 300 охид эмэгтэйчүүд үйлчлүүлдэг ба нийт үйлчлүүлэгчдийн ихэнх нь буюу 40% нь 26-35 насны эмэгтэйчүүд байдаг. Зарим эмэгтэйчүүд тус төвүүдээр ахин дахин үйлчлүүлдэг нь гэр бүл дэх хүчирхийлэл хэр зэрэг түгээмэл байгаа болон эдийн засгийн хязгаарлагдмал байдал, сэтгэлзүйн байнгын дарамт зэрэг нь хохирогчдыг хэвийн байдлаар амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэдгийг харуулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд эдгээр төв болон хамгаалах байруудад тухайн үед гэр орондоо өмсөж байсан хувцастайгаа, өөр юу ч үгүй ирдэг учраас өнөөдөр хандивлаж байгаа эмэгтэйчүүдийн дотуур хувцас нь нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн хувьд нэн чухал шаардлагатай зүйлийн нэг юм. Эдгээр хохирогчид бие махбодийн, бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийллийн улмаас өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалуулах, эрүүл мэндийн, хууль эрхзүйн болон бусад хэлбэрийн шаардлагатай дэмжлэгийг авахаар эдгээр төвүүдэд ирдэг учир ихэвчлэн ямарч бэлтгэлгүйгээр ирдэг. Иймд энэхүү хандив тусламж нь хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн үйл ажиллагаанд төдийгүй хохирогчдын хувьд наад захын хэрэгцээгээ хангахад нь тус дэм болох юм. Хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүд болон хамгаалах байрууд нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох, цаашлаад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэх, хариу арга хэмжээ авах чухал механизмын нэг хэсэг юм.

“Гурван билэг ХХК-аас гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд хандив өргөж байгаа нь тус улсад жендэрт суурилсан хүчихийлэлтэй тэмцэхэд хувийн хэвшил бодитой хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна” хэмээн НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод “бусад компаниуд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд үндсэн үйлчилгээ, хөрөнгө нөөцөө дайчилбал хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд туслах боломж их байна” гэв.

Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь Монгол, цаашилбал дэлхийн хэмжээнд хүний амь насанд заналхийлсэн, хүний эрхийн ноцтой зөрчлүүдийн нэг байсаар байна. Дэлхий дээрх 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа туршид ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тоо мэдээ байдаг. 2015 онд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос хийсэн судалгааны дүнгээр Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл нь Монголд түгээмэл тархсан болох нь харагдсан. НҮБ-ын Хүн амын сан болон Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хороо 2017 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг Монголд анх удаа хийхээр ажиллаж байна. Судалгааны дүнгээр энэхүү асуудлын цар хүрээ улам тод болох юм. Тус судалгааны дүнг гарах зуур зөвхөн цагдаагын байгууллагад мэдээлсэн тоон үзүүлэлтээр

  • 2016 онд цагдаад мэдээлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын тоо 2015 онтой харьцуулахад 6.9%-иар нэмэгдсэн.
  • Хохирогдчын 90.7% нь охид эмэгтэйчүүд байна.
  • 2016 онд хүчирхийллийн улмаас 18 хүн нас барж, 1,217 хүн гэмтсэн байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход ганц байгууллага, тухайлбал, НҮБ-ын Хүн амын сан, дангаараа ажиллаад амжилтанд хүрэхгүй гэдгийг Хатагтай Китахара онцолсон бөгөөд “Засгийн газар, УИХ-ын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн болон олон улсын байгууллагууд, мөн хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэн хамтран ажиллах нь чухал” хэмээн хэлсэн.