ХАМТАРСАН ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөөг технологоор
дамжуулан өгөх боломжтой боллоо
2021 оны 4 дүгээр сарын 1 өдөр
Монгол Улс, Улаанбаатар хот- Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан болон Юнител групп хамтран өсвөр насныханд технологийн инноваци ашиглан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө, мэдээлэл өгөх, мөн тэдэнд зориулсан ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас санаачлан хөгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө үзүүлэгч “Мандухай” онлайн чатбот үйлчилгээг хүргэнэ.
“Мандухай” онлайн чатботоор дамжуулан өсвөр насны охид, хөвгүүдэд тулгамддаг хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авах боломжтой. Мөн тэдний хувийн нууцыг чандлан хамгаалж, тэдэнд ээлтэй буюу шаардлагатай үйлчилгээнд зуучилж өгөх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм. Энэхүү чатбот үйлчилгээг цаашид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хөгжүүлэн авч явах аж.
Юнител групп нь “Зөв харилц +13” нийгмийн хариуцлагын төслийнхөө хүрээнд “Мандухай” онлайн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч хоорондын эргэх холбоог тасралтгүй, найдвартай байлгах чиглэлд дэмжиж гурван жилийн хугацаанд 300 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр туслах юм.
Каори Ишикава, Mонгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн:
“Өсвөр насныхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хаанаас авахаа мэдэхгүй байна. 15-19 насныхны дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ буюу төрөхөөр төлөвлөөгүй боловч жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл ашигладаггүй залуучууд 36 хувь байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад харьцангуй өндөр тоо юм. Энэ насныхан бүгд Фейсбүүкт бүртгэлтэй буюу 97 хувь нь ухаалаг гар утастай, утсаараа эсвэл сургуулийн компьютероор интернэтэд нэвтэрдэг бөгөөд өдөрт дунджаар 2-6 цагийг Фейсбүүкт өнгөрөөж байна. Тиймээс интернэт нь тэдэнд хүрэх гарц юм.”
Д.Энхбат, Юнител группийн гүйцэтгэх захирал:
Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат хэлэхдээ “Хөдөө орон нутгийн алслагдсан сум, сууринд амьдарч буй өсвөр насныхан өөрсдөд нь чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг авахаар хол замыг туулж, цөөнгүй тохиолдолд шаардлагатай үйлчилгээг авч чаддаггүй. Тэгвэл эдгээр асуудлыг мэдээллийн технологийн тусламжтай шийдэж байгаа нь төслийн хамгийн том ололт гэж харж байна” гэв.
Энэхүү хамтын ажиллагааны үр өгөөж нь “Мандухай” төслийн цар хүрээг орон даяар тэлж, өсвөр үеийнхэн болон залууст ирээдүйнхээ төлөө шийдвэр гаргахад нь хэрхэн нөлөөлж, тусалж буйгаар хэмжигдэх юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
ХОЛБОО БАРИХ
НҮБ-ын Хүн Амын Сан Г.Чимэдлхам Гар утас: +976 9998 4729 Цахим шуудан: ganbaatar@unfpa.org |