You are here

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран 2012-2016 онд улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Монгол улс дундаж орлоготой орны ангилалд шилжин, тэргүүлэх чиглэлд нь өөрчлөлт орж, НҮБ-ын Хүн амын сан 2014-2017 онд стратегийн шинэ төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан, хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнг үндэслэн 2014 оны дундуур уг хөтөлбөрийг дээрх тэргүүлэх чиглэл, стратегид нийцүүлэв.

НҮБ-ын Хүн амын сан нь хүн ам, хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх, залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдал гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүн ам ба хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүн амын тоон мэдээ, мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийн, бодлого шийдвэр гаргахад ашиглахад нь Засгийн газарт дэмжлэг үзүүлдэг. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хангах хөтөлбөрийн хүрээнд эх, нярайн эндэгдлийг бууруулахад онцгойлон анхаарч, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээ, чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Залуучуудын хөтөлбөр нь залуучуудыг амьдрах ухаанд сургаж, чадавхитай, сэтгэлийн хаттай болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлдэг. Жендэрийн хөтөлбөр нь жендэрийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд дэмжлэг үзүүлж, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад онцгойлон анхаардаг.

НҮБ-ын Хүн амын сан 1970-аад оны сүүлээс Монгол улстай хамтран ажиллаж, дээрх үндсэн чиглэлүүдэд томоохон өөрчлөлтүүдийг авчрав. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Засгийн газрын бодлогуудыг боловсруулж, шинэчлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ, эрхийг хангах, чадавхи бэхжүүлэх, түншлэлд зуучлах, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлийг ханган нийлүүлэх санаачилгуудыг хэрэгжүүлэв. Эдгээр хөтөлбөрүүд нь эх, нярайн эндэгдлийг 1990 оны түвшингээс бараг талаас илүү хувиар бууруулж, хүн амын тоон мэдээ, мэдээллийг цуглуулж, үр дүнтэй ашиглах найдвартай тогтолцоог бий болгож, жендэрийн тэгш байдал, залуучуудын хөгжлийг хангах чиглэлээр томоохон ахиц гаргахад хувь нэмэр оруулав.

Татах /Монгол хэлээр/