Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

2017 оны зуд: эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд үзүүлж буй нөлөө

2017 оны зуд: эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд үзүүлж буй нөлөө

News

2017 оны зуд: эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд үзүүлж буй нөлөө

calendar_today 26 January 2017

2016 оны 11- р сарын эхээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монголд өвөл нэлээд хүйтрэнэ хэмээн мэдээлж байсан бөгөөд 12-р сард тус улсын газар нутгийн бараг 50%-д нь цас их орж, эрс хүйтрэх эрсдэл нэмэгдэж, зуд нүүрлэж болзошгүй болов. Хойд болон зүүн зүгийн нутгаар агаарын хэм -50 градуст хүрч, хэдэн мянга мал хорогдож, малчид амь зуулгаасаа салах эрсдэл ихсэж байв. 

Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) ахалж, олон улсын хэд хэдэн төрийн бус байгууллага, шадар сайдын тамгын газар оролцсон томилолтын баг Дорнод, Хэнтий аймгуудын хойд хэсгийн сумдын малчдад тусламжийн бараа түгээх ажлыг сая зохион байгуулж, үүнд НҮБ-ын хүн амын сан оролцов. Энэ өвөл тус бүс нутагт цас их хэмжээгээр орсон юм.
Өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн малчин охид, эмэгтэйчүүдэд зориулж НҮБ-ын Хүн амын сан ариун цэвэр, эрүүл ахуйн багц түгээсэн бол бусад байгууллагууд тэдэнд хүнс, эм, дулаан хөнжил тарааж байлаа. Зудын улмаас үүссэн хүндрэлийг даван туулахад охид, эмэгтэйчүүд өөрсдийн ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангахад нь хэрэг болохуйц эд зүйлс тухайлбал ариун цэврийн хэрэглэл, саван, оймс, дотуур хувцас зэрэг зүйлс уг багцад орсон юм. Мөн хүмүүнлэгийн нөхцөл байдлын үед охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд заналхийлэх эрсдэл ихэсдэг. Иймд тэднийг шөнө, оройн цагт гадагш гарахад нь хэрэг болох зайгаар ажилладаг гар чийдэн, аюул тохиолдсон үед мэдээ өгөх шүгэл зэргийг багцад оруулав. 
Тусламжийн барааг айл өрхүүдэд тараахаас гадна тэдний нөхцөл байдал, ялангуяа охид, эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлийг улам гүнзгий ойлгож, хүндрэлийг даван туулахад нь урам өгөх боломж энэ үед гарлаа. 
*Мөнхзул болон түүний эхнэр *Мөнхцэцэг, тэдний гурван хүүхэд зуд болохоос өмнө зарим нэг бэрхшээлийг амсаж эхэлсэн байна. "Хуурайшилт ихтэй зун болсоны дараа намар их хэмжээний бороо орж, малын өвс тэжээл бэлтгэж, хадлан авахад хүнд байсан" гэж Мөнхцэцэг яриад 320 толгой мал, 11 үнээндээ санаа зовж, өвлийн эхээр оторт гарах гэсэн боловч чадаагүй нь өвлийг өнтэй давахад нөлөөлж байна гэв.

Тэд төрийн банкнаас "Малчны зээл" авсан боловч өвлийн эхэнд хонь, ямаагаа зарж шальтай ашиг орлого олж чадаагүйн улмаас зээлээ төлж, амьжиргаагаа олигтой дээшлүүлж чадаагүй байна. Олон малчин энэ өвөл зуд болно хэмээн тооцоолж, намар малаа их хэмжээгээр нядалж, зарсан учраас махны үнэ унаж, бид олигтой ашиг олж чадаагүй гэж тэрээр ярилаа. Цас орж, захууд хаагдаж, өвөлжилт хүндэрсэн газруудад малчид наймаа хийх боломжгүй болсон нь эднийх шиг айлуулдад хүндээр тусч байна.

Яг ийм нөхцөл байдалд *Болорчулууны гэр бүл хөрөнгө, нөөцийн хомсдлыг даван туулах шаардлагатай болж, бусад ээж нарын нэгэн адил тэрээр 7 хүртэлх насны гурван хүүхдийнхээ амьдрал, ирээдүйд санаа зовж, эдийн засгийн хүндрэл, байгалийн гамшиг нүүрэлж буй энэ үед дахин жирэмслэх вий хэмээн санаа зовж, сумын ойролцоох шинэ эмнэлэгт ерөндөг үнэгүй тавьж байгаа тухай сонссон боловч тийшээ явах бэлтгэлээ хангаж, зам сайжрахыг хүлээж сууна. Тэднийд хамгийн ойр сумын төв 25 км-ийн зайд байдаг. Иймд дан ганц жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн төлөө эмнэлэг орох боломжгүй учраас сумын төв орохдоо өөр бусад ажил амжуулах шаардлагатай. Сумын төв орохын тулд тээврийн хэрэгсэл, түлш, бусад зүйлсийг бэлтгэхээс гадна тэндээс хүнс, бараа худалдан авах шаардлагатай тул цас хайлж, зам сайжрахыг хүлээх шаардлагатай байгаа юм. "Яг одоо үүнийг яаж амжуулахаа би төсөөлж чадахгүй нь. Ингэж явах цаг зав байхгүй. Хэцүү шүү дээ" гэж тэрээр ярилаа.

Энэ хүндрэлтэй үед түүний нэгэн адил *Наранцэцэгийн хэрэгцээг ч бас эн тэргүүнд анхааралгүй орхигдуулж байна. Тэднийх өрхийнхөө өчүүхэн орлогыг юуны түрүүнд түлш, хүнсэнд зарцуулж, ариун цэврийн хэрэглэл зэрэгт тэр бүр зарцуулдаггүй аж. Биений юм ирэх үеэр эмэгтэйчүүд хуучин даавуу зэргийг дахин угааж хэрэглэж ирсэн нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь сөрөгөөр нөлөөлдөг. Наранцэцэг бусдын адил хуучин даавуу угааж хэрэглэлгүй, ариун цэврийн хэрэглэл худалдаж авч хэрэглэдэг. Гэвч ариун цэврийн хэрэглэлээ олж авахад амаргүй болсон энэ үед тэрээр байгаа нөөцөө гамтай хэрэглэж, сүүлийн биений юм ирэх үеэр ердөө 4-хөн ширхэг хэрэглэл хэрэглэсэн нь халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бараг хангалтгүй байгаа юм. Гэвч дэлгүүрт очиход бэрх, хөрөнгө мөнгө хомс, нөөц багасч байгаа үед энэ мэт хэрэгцээг түр хойш тавихад хүрч байна.

 

нэ бол Монголд зуданд өртсөн эмэгтэйчүүд тэдний гэр бүл ийм хүндрэлтэй анх удаагаа нүүр тулж байгаа явдал биш юм. Өнгөрсөн жилийн зуданд малчин голдуу 965,000 хүн өртөж, 1 сая гаруй мал хорогдож, уг хүндрэлээс гарах гэж олон хүн одоо ч тэмцсэн хэвээр. Ийм хүнд өвөл хоёр жил дараалан болж байгаа нь Монголын малчин өрхүүдэд хүндээр тусч байна.

Эдгээр хүндрэлээс үл хамааран айл өрхүүд зоригтой байж, олонх нь үүнийг "малчдын амьдралын нэг хэсэг" хэмээн хүлээн зөвшөөрч, ирсэн зочдыг уламжлал ёсоор найрсаг хүлээн авч байв. Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид тусламжийг баяртайгаар хүлээн авч, энэ нь сайн цаг ирэхийн дохио хэмээн сайшааж, гамшгийг даван туулах итгэл дүүрэн байлаа.

 

*Нэрсийг өөрчлөв

 

Бичсэн: Др. Баянбилэгийн Шинэтөгс, Анжелика Эсгүэрра