Улаанбаатар хот. Жендерт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх нь үүнтэй тэмцэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байдаг. Иргэд ийм төрлийн хүчирхийллийн талаар илүү сайн мэддэг болсноор шийдвэр гаргагчид хүчирхийлэгчийг цээрлэн шийтгэдэггүй соёлын хандлагыг өөрчлөхийн төлөө илүү идэвхтэй бодлого, үйл ажиллагааг эрхэмлэн хэрэгжүүлнэ хэмээн үзэж буй. Жендерт суурилсан хүчирхийлэл нь Монголд төдийгүй дэлхий дахинд хүний эрхийн зөрчлийн түгээмэл хэлбэр юм.
Жендерт суурилсан хүчирхийлэл нь анхаарал татсан асуудал хэвээр байгаа учир Монголын Хэвлэлийн Хүрээлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сантай энэхүү төрлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллах зорилгоор албан ёсны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара оролцов.
Санамж бичигт хоёр байгууллага нэг жилийн хугацаанд жендерт суурилсан хүчирхийллийн тухай сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй илүү мэдрэмжтэй, амьд, сонирхолтой бүтээлээр дамжуулан тэдний олон нийтэд нөлөөлөх чадавх, идэвх сонирхол, урам зоригийг дэмжих зорилго бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тухайлбал жендерт суурилсан хүчирхийллийн талаарх шилдэг бүтээлийн уралдаан, энэ чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн сүлжээг дэмжих, уулзалт, сургалт зохион байгуулах зэрэг ажил үүнд багтсан байна. НҮБ-ын Хүн амын сан нь зөвхөн жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээллийн чухал эх сурвалж болоод зогсохгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхан, аюулгүй байдлыг дэмжих (жишээлбэл эхийн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудлаар) ажилладаг.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслол нь Хэвлэлийн Хүрээлэн, НҮБ-ын Хүн Амын Сангийн урьд өмнөх хамтын ажиллагааг ёсчлон баталгаажуулж буй хэрэг юм. Тухайлбал 11 дүгээр сарын 25-нд буюу Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдөр НҮБ-ын Хүн Амын Сангаас жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянг эхэлсэн юм. Энэ өдөр Хэвлэлийн Хүрээлэн болон НҮБ-ын Хүн Амын Сан сэтгүүлчдэд зориулсан Жендерт суурилсан хүчирхийллийг хэрхэн сурвалжах арга зүйн сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэ чиглэлийн хамтын ажиллагаа дөнгөж эхэлж буй аж.
“Жендерт суурилсан хүчирхийлэлд хандах хандлагыг өөрчлөхөд сэтгүүлчид манлайлах, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх онцгой их боломжтой” хэмээн хатагтай Мөнхмандах хэлсэн. Тэрээр цааш нь “Бид НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран энэ төрлийн хүчирхийллийн асуудлыг илүү сайн ойлгож, мэдээллийн хэрэгслээр хөндөхөд нь сэтгүүлчдийг дэмжиж, тэдэнд туслах бололцоотой” гэлээ.
Хатагтай Китахара “Бид ирж буй нэг жилийн хугацаанд жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголтыг хэвлэл мэдээллээр дамжуулан сайжруулахын тулд Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран ажиллаж буйдаа баяртай байна. Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг хуулийн хүрээнд зохицуулдаг, хохирогчдын эрхийг хөндөж, хамгаалдаг болохын тулд бид олон нийтийн дэмжлэгийг хүчтэй болгох хэрэгтэй” гэв.
Энэ нь үндэсний хэмжээний болон дэлхий дахины зорилтын нэг хэсэг мөн. “Монголын Засгийн газар Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтууд, үүнд багтаж буй 5-р зорилт болох жендерийн тэгш байдлыг хангах асуудалд хариуцлагатай хандаж байгаа” хэмээн хатагтай Китахара хэлээд, “Энэхүү зорилтыг хэвлэл мэдээллийн идэвх санаачилга, мэдлэг бүхий олон нийт, жендерт суурилсан хүчирхийллийг хазаарлах төр засгийн бодлого, дэмжлэгээр хэрэгжүүлэх боломжтой” гэлээ.
---------------------------------------
Хэвлэлийн Хүрээлэн нь (www.pressinst.org.mn) 1995 онд Дани улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага. Уг байгууллага нь хэвлэл мэдээллийн салбарт чанартай сэтгүүлзүйн соёл, шүүмжлэлт сэтгэлгээг бий болгож хөгжүүлэх зорилгоор хэлэлцүүлэг, сургалт, судалгаа, мэдээллийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Холбоо барих: pim@pressinst.org.mn, 976-11-350002
НҮБ-ын Хүн амын сан (www.mongolia.unfpa.org) нь жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан тус улсад үзүүлэх НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээнд нийцүүлэн Монгол Улсыг дэмжих 5 дахь хөтөлбөрөө 2012-2016 онд хэрэгжүүлж байна.