You are here

Өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, “Оюу толгой” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Стивен Жонс, төв, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Залуучуудын хөгжлийн төвийг албан ёсоор нээлээ. Энэ төв залуучуудад сонирхолтой, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлж, амьдрах ухааны чадвар эзэмшүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгож, хөдөлмөр эрхлэхэд нь хэрэгтэй ур чадварыг хөгжүүлж, нөхөн үржихүйн эрүүл мэнд, харилцаа, сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгч, өөрсдийн эрх ашигт хамаатай шийдвэрт оролцох боломжоор хангах юм.

Тус ёслолын үеэр хатагтай Наоми Китахара “Энэхүү Залуучуудын хөгжлийн төв нь Ханбогд сумын хэмжээнд хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, залуучуудад өргөн хүрээний үйлчилгээг харилцан уялдаатай үзүүлснээр тэдний хөгжилд бодитой, эерэг нөлөөлөл үзүүлэх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн.

“Оюу толгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Залуучуудын хөгжлийн төв нь залуучуудын хөгжлийг дэмжих маш чухал арга зам бөгөөд, энэ нь улмаар Монгол Улсад хөгжлийнхөө оргилд хүрэхэд бодитой түлхэц болно гэж итгэж байна. Ханбогд суманд Залуучуудын хөгжлийн төв байгуулснаар энэ бүс нутгийн залуучуудад хөгжих чухал боломжууд бий болно. “Оюу толгой” компани нь энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа бахархалтай байна” гэлээ.

2013 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 11 аймаг, нийслэлийн 3 дүүрэг болон нэг суманд хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд орон даяар нийт 13 залуучуудын хөгжлийн төв байгуулагдаад байна.

Хатагтай Наоми Китахара “Залуучуудын хөгжлийн төв нь өсвөр үе, залуучуудад ээлтэй клиник, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол зэргийг дэмжсэн бусад үйлчилгээтэй хамтран ажилласнаар залуучуудын сайн сайхан байдалд нөлөөлөхүйц нэгдсэн цогц үр дүнг бий болгоно гэж итгэж байна” гэв.

Өнөөдөр Монгол улсын хүн амын дунд залуучуудын эзлэх хувь урьд өмнө хүрч байгаагүй өндөр түвшинд хүрээд байна. Залуучууд бол Монголын ирээдүйг тодорхойлогч, манлайлагчид юм. Тиймээс залуучуудад хөрөнгө оруулалт хийх нь асар их үр дүн, үр өгөөж өгч, улс орны тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Залуучуудын хөгжлийн төвийг амжилттай, үр дүнтэй ажиллуулж чадвал залуучуудын амьдралд бодитой, эерэг өөрчлөлт гарах болно.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн тухай(www.mongolia.unfpa.org)

НҮБ-ын Хүн амын сан нь эмэгтэйчүүд хүссэн үедээ жирэмслэх, эрүүл хүүхэд төрүүлэх, залуу хүн бүр чадавхижиж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөл бүрдүүлэхийн төлөө зорин ажилладаг НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм.