You are here

2022 оны 10-р сарын 21 – Улаанбаатар хот, Монгол Улс – Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан болон Юнител групп залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа өсвөр үе, залуучуудад эрүүл, бүтээлч ирээдүйг цогцлооход шаардлагатай мэдлэг, ур чадвар суулгахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи “НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улсын Засгийн газрыг дэмжих НҮБ-ын Хүн амын сангийн 7 дахь улс орныг дэмжих хөтөлбөр (2023-2027)-ын дагуу Юнител групптэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад баяртай байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, залуучуудын хөгжил, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь НҮБ-ын Хүн амын сангийн гол чиг үүргүүд билээ.” гэв.

Юнител группийн Бизнес хөгжил, төлөвлөлт хариуцсан дэд захирал Д.Жамъяншарав Юнител группийн талаас санамж бичигт гарын үсэг зурж, НҮБ-ын Хүн амын сантай залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

2019 оноос хойш НҮБ-ын Хүн амын сан, Юнител групп хамтран Монгол улсын өсвөр үеийнхэнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл өгөх шинэ цахим үйлчилгээ болох “Мандухай” төслийг дэмжиж, 700,000 гаруй залуучууд өсвөр үеийнхэнд хүрсэн байна.

Санамж бичигт гарын үсэг зурснаар НҮБ-ын Хүн амын сан болон Юнител групп нь ирэх таван жилд залуучуудын хөгжил, зорилтот бүлгийн залуучуудад амьдрах ухаан, гэр бүл төлөвлөлтийн талаарх үнэн зөв мэдээлэл, мэдлэгийн хүртээмжийг сайжруулах замаар тэднийг хөгжүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ тэмдэглэлээ.