Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

НҮБ-ын Хүн амын сан, Монголын энтрепренёр эмэгтэйчүүд Төрийн бус байгууллага (TББ) хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө босгоно

НҮБ-ын Хүн амын сан, Монголын энтрепренёр эмэгтэйчүүд Төрийн бус байгууллага (TББ) хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө босгоно

News

НҮБ-ын Хүн амын сан, Монголын энтрепренёр эмэгтэйчүүд Төрийн бус байгууллага (TББ) хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж хөрөнгө босгоно

calendar_today 07 March 2018


Улаанбаатар хот, Монгол улс – Энэ жил олон улсын эмэгтэйчүүдийн энэ өдөр дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрх, тэгш байдал, шударга ёсны төлөө урьд өмнөхөөс илүү өргөн хүрээнд хөдөлгөөн өрнөж байна. Хэвлэл мэдээлэл, олон нийт бэлгийн дарамт, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, энэ байдлыг өөрчлөх шийдмэг алхамуудыг улам ихээр хийх болов.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр эмэгтэйчүүд ялангуяа залуу, эрч хүчтэй, бүтээлч эмэгтэйчүүдийн амжилтыг тэмдэглэж НҮБ-ын Хүн амын сан Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-тай хамтран хэвлэлийн бага хурал, Монголын шилдэг эмэгтэй зураачдын уран зургийн үзэсгэлэн зохион байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.

Эмэгтэйчүүд эрх мэдэлжиж, санхүүгийн хувьд бие даасан цагт өөрсдийнхөө амьдралыг хянан удирдах эрх мэдэл нь нэмэгддэг. Ингэснээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд тухайн нөхцөл байдлаас зугтах боломжтой болдог. Энэ ач холбогдолыг онцолж, Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ Маяарагийн бүтээгдэхүүнээс олсон ашгийнхаа тодорхой хувийг НҮБ-ын Хүн амын сангаас дэмждэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандивлахаар боллоо. Уг төвүүд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг юм.

“Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ бол Монголыг хөгжил дэвшилд хүргэхийн төлөө тууштай зүтгэж буй залуу, эрч хүчтэй, бүтээлч эмэгтэйчүүдийн үлгэр жишээ болсон байгууллага юм. НҮБ-ын Хүн амын сан Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-тай албан ёсоор хамтран ажиллах болсоныг мэдэгдэхдээ би баяртай байна. Маяарагийн бүтээгдэхүүнийг худалдаж авсанаараа та Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд тус дэм болно” гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара мэдэгдлээ.

НҮБ-ыг Хүн амын сангаас дэмждэг Нэг цэгийн үйлчилгээний 6 төвөөр 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2,000 гаруй хохирогч үйлчлүүлсэн байна. Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн нэлээдгүй хэсэг нь өргөн хэрэглээний эд зүйлсээр дутагдаж, гачигдах нь цөөнгүй. Иймд Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ Монгол хатад арга хэмжээгээр олсон ашгийнхаа тодорхой хувийг Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд үйлчлүүлж буй гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулж өргөн хэрэглээний бараа худалдан авахад хандивлана.

“Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-ын гол зорилго нь Монголоо эргэн тэтгэх, ялангуяа эмэгтэйчүүдийг дэмжих явдал юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид бүтээгдэхүүнээсээ олсон ашгийн тодорхой хувийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмждэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандивлана” гэж Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-ыг үндэслэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Э. Азжаргал мэдэгдлээ.

Нэг цэгийн үйлчилгээний төвүүд нь хууль эрх зүйн зөвлөгөө, сэтгэл зүй нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, түр хоргодох байр бүхий цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Энэ нь хохирогчийг тусламж үйлчилгээ хүртэхийн тулд тал тал тийш явж, дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлдэг. Нэг цэгийн үйлчилгээний төвийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газраас дэмждэг юм.

Уран зургийн үзэсгэлэн 3 сарын 7-8-ны өдрүүдэд өглөө 10:00 цагаас 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ 3 сарын 8-ны 10:00-12:00 цагт хүүхдүүдэд зориулж уран зургийн хичээл зааж, мөн өдрийн 15:00-17:00 цагт “Эмэгтэйчүүд уран зургийн ертөнцөд” сэдвээр үнэ төлбөргүй дугуй ширээний ярилцлага зохион байгууна.

---

НҮБ-ын Хүн амын сангийн тухай (www.mongolia.unfpa.org)НҮБ-ын Хүн амын сан  бол жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.  Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ-ын Хүн амын сангийн ажилтан Тим Женкинстэй  утас: (976) 8011 0366, И-мэйл: jenkins@unfpa.org хаягаар холбогдож авна уу.

Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ-ын тухай (www.facebook.com/womenmongolia). Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ бол бизнесээ эхлүүлж буй залуу эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхийн төлөө ажилладаг Монголын манлайлах төрийн бус байгууллага юм. Дэлгэрэнгүй мэдээллийг тус төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Э. Азжаргалтай утас: 99102331, и-мэйл: connect.mayara@gmail.com хаягаар холбогдож авна уу.