You are here

Өнөөдөр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аян эхэлж байна. Энэхүү дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөнөөр дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүс хамтдаа бүхий л орчин нөхцөлд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг зогсдог билээ. Бид орон гэртээ, ажлын байр болон олон нийтийн газарт охид, эмэгтэйчүүдийн эсрэг ямарч хүчирхийллийг хүлцэн тэвчих ёсгүй.

Жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улмаар хүчирхийллийн суурь шалтгаан болдог жендэрийн ялгавартай хэм хэмжээ болон хэвшмэл ойлголтуудыг таслан зогсоох чиглэлд олон нийтийг идэвхитэй оролцохыг уриалдаг энэхүү хөдөлгөөнд Монгол Улс нэгдээд 25 жил болжээ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгаанаас үзэхэд, хоёр монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байсан байна. Харамсалтай нь, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан  гурван эмэгтэй тутмын нэг нь эрэгтэй хүн тодорхой шалтгаанаар  хамтрагчаа цохих нь зөв гэж үзсэн  байдаг.

Харин 10 эмэгтэй тутмын нэг нь (10.7 хувь) 15 нас хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд  өртсөн гэж мэдэгджээ. Хамгийн түгээмэл хүчирхийлэл үйлдэгчид нь гэр бүлийн гишүүд (29.5 хувь) байдаг.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Эм Эм Си Жи компанийн 2021 онд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 33 хувь нь онлайн орчинд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн агуулгатай материалтай тааралддаг гэдгийг илрүүлжээ.

Түүнчлэн, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс болон Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хийсэн ажлын байран дээрх хүчирхийлэл болон дарамтын талаарх судалгаанаас үзэхэд, эмэгтэйчүүдийн 10 хувь нь ажлын байран дээрээ ямар нэгэн төрлийн бэлгийн дарамтад өртөж байсан гэсэн байна.

Бид бие махбодын, бэлгийн, сэтгэл зүйн болон эдийн засгийн гээд  хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчиж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эцэс болгохын төлөө хамтдаа зогсож байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хүчирхийллийн даван туулагчдыг дэмжих үйлчилгээнд анхаарлаа хандуулан ажиллах  шаардлагатай байна. Монгол Улс КОВИД-19 цар тахлын үр дагавар болон эдийн засгийн хүндрэлтэй тэмцэж байгаа энэ цаг үед энэхүү шаардлага илүү хурцаар тавигдаж байна. КОВИД-19 цар тахлын эхэн үед Монгол Улсад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын огцом өсөлт буураагүй бөгөөд одоо ч сэтгэл түгшээсэн хэвээр байна.

2022 оны эхний 7 сарын байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 6,263 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 95 гаруй хувь нь эрэгтэйчүүд байгаа нь эрэгтэйчүүдийн талаарх эерэг ойлголтыг илүү дэмжиж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд ижил тэгш дэмжлэг үзүүлж байх шаардлагатайг илтгэж байна.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь бидний хамтын хариуцлага юм. Бид хохирогчид шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, хамгаалахаас гадна хүчирхийлэл үйлдэгчдэд зохих арга хэмжээг авах тасралтгүй хүчин чармайлтаа үргэлжлүүлж, даван туулагч төвтэй бөгөөд олон салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн суурь шалтгааны эсрэг арга хэмжээ авахын тулд иргэд, олон нийттэй нягт хамтран ажиллах замаар жендэрт суурилсан хүчирхийллийн уг шалтгаануудыг арилгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зохих анхаарал хандуулах шаардлагатай байна.

Бид жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах, мэдээлэл авах болон аюулгүй холбон зуучлах цогц арга барилыг хэвшүүлэх чиглэлийн сургалтаар дамжуулж төрийн болон төрийн бус байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Бид хүн нэг бүрийг хүчирхийллийг эцэс болгохын төлөө дорвитой арга хэмжээ авахын тулд охид, эмэгтэйчүүдтэй хамт зогсоход уриалж байна. НҮБ-аас Монгол эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын “НЭГДЭЕ!” уриан доор нэгдэж, НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЖ, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан, гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.

Олон нийтийн газар, орон гэр болон ажлын байран дээрх охид, эмэгтэйчүүдийн эрхийг хүн бүр өнөөдөр, өдөр бүр, хаана ч хүндэтгэж, хамгаалдаг хүчирхийллээс ангид нийгмийг бүтээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ бид үүгээр дахин илэрхийлж байна.